Шууд Chart

УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат дуурийн дулаачдын олон улсын уралдаанд өрсөлдөнө

2019-07-19 17:15:08

Бид дахин нэг сайхан дуучиндаа амжилт хүсч, дээлийнх нь захыг мушгиж суух өдрүүд айсуй.

УДБЭТ-ын гоцлол дуучин, баритон Э.Отгонбат Чех Улсын Прага хотод энэ сарын 21-26-нд болох алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дулаачдын олон улсын уралдаанд өрсөлдөхөөр тус хотод очоод байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс материалаа илгээсэн хэдэн зуун дуучнаас уламжлал ёсоор цөөхнийг урьж тайзнаа өрсөлдүүлэхээр урихад Монголын дуучин Э.Отгонбат багтжээ.

Энэхүү уралдаан одоогоос долоон жилийн өмнө Бээжинд болоход Монгол Уосын гавьяат жүжигчин Э.Амартүвшин тэргүүлж байсан билээ.

Олон улсад нэр хүндтэй уг уралдаанд хоёр дахиа Монгол дуучин оролцох нь. Түүнтэй холбоо барьж амжилт хүсэнгээ сэтгэгдлийг нь сонсоход "Томоохон хэмжээний уралдаанд анх удаа оролцох гэж байна. Олон мундаг дуучин иржээ. Юутай ч мөрөөдлийнхөө үзүүрээс атгасандаа баяртай байна" гэсэн юм. 

Уг уралдаанд ердөө сарын өмнө Чайковскийн XVI уралдаанд аман хүзүүдсэн БНСУ-ын дуучин оролцохоор очжээ. Гэхдээ эмээх юун. Урагшаа. Сонгодог урлагийн талбарын дайчин залуу минь.

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат дуурийн дулаачдын олон улсын уралдаанд өрсөлдөнө   
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй