
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бусад албаны хүмүүс өнгөрсөн өдрүүдэд Хан-Уул дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн явцтай ээлж дараалан танилцсаар байна. Үүнтэй зэрэгцэн манай сайтын сурвалжлах хэсэг өнгөрсөн долоо хоногт тус дүүргийн нэг, гуравдугаар хороонд байрлах 53, 28 дугаар цэцэрлэгийн өргөтгөлгийн барилгын үйл явцыг сурвалжлав.
Өмнөх дугаартаа нэгдүгээр хороонд баригдаж буй 53 дугаар цэцэрлэгийн талаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа 28 дугаар цэцэрлэгийн барилгын явцын талаар уншигч танаа өгүүлье.
Хан-Уул дүүрэгт энэ онд 17 сургууль, цэцэрлэг ашиглалтанд орох аж. Сар гаруйхан хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж буй тул цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав, ээжүүдийн сэтгэл одооноос ид зовж байгаа нь мэдээж.
28 дугаар цэцэрлэгийн хувьд зорилтот бүлгийнх юм байна. Тодруулбал дундаас доош орлогтой өрхүүд хүүхдүүдээ даваагаас баасан гараг хүртэл өнжөөдөг гэсэн үг. Уг барилгын ажлыг “Морин сувд” ХХК гүйцэтгэж байгаа бол зураг төслийг “Шувуун хайрга” ХХК ажиллажээ.
Тендерт өрсөлдөхдөө тэд улсын төсвөөр анх хоёр тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилээр барихаар гэрээ хийсэн ч дахин 749 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хүссэн албан бичиг холбогдох хүмүүст нь хүргүүлжээ. Хэрвээ өмнөх санхүүжилтэд багтааж босговол зөвхөн найман ангитай барилга болж хувирах аж. Үндсэн өртөг нь хоёр тэрбум 178 сая төгрөг. Гэвч шалгаруулалтын явцад 24 ангитай байлга гэсэн чиглэл гарсны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ерөнхий төлөвлөлтийн газраас өгсөн стандартын дагуу буюу нэг ангид 10 хүүхэдтэйгээр 24 анги барихаар ажил нь эхэлжээ. 240 хүүхдийн цэцэрлэг гэсэн үг. Нийт талбай нь 2300 мкв. Мөн станпартын дагуу учир хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд урлаг заал, бялдаржуулах танхим, гаднах талбайдаа мини хөлбөмбөгийн талбай, тоглоом зэргийг ч нэмж тусгажээ.
Гэхдээ гүйцэтгэгч компани уг барилгаа хугацаанд нь барьж дуусгахын тулд үлдэгдэл буюу 700 гаруй сая төгрөгийг банк болон хувь хүнээс зээл авч барьж байгаа юм билээ. Харин ажилчдынхаа цалинг сүүлийн гурван сар өгч чадаагүй тухайгаа ярианыхаа дунд хэлээд авна билээ.
Тэр үед “Шувуун хайрга” зургийн компанийн захирал В.Ганбаатар “Хуучин 160 хүүхдийн цэцэрлэгийн барилгын буулгалттайгаас гадна насжилт нь дууссан мод ихтэй байсан. Үүнийг буулгахад нэлээн ажил болсон. Мөн ундарга ус ихтэй байсан учраас хундаамаа өмнө нь заасан хэмжээнээсээ нэг метрээр өндөрсгөж барьсан. Тэгэхээр тэр хэмжээг шороогоор чигжих зэрэгт зардал нэмэгдсэн. Хуучин байсан барилгыг буулгахад л 170 орчим сая төгрөг зарцуулагдсан. Хэрвээ төрөөс үлдэгдэл төсвийг шийдчихвэл барилгаа хугацаанд нь буюу ирэх наймдугаар сарын 1 гэхэд дуусгаж, хичээлийн шинэ жилээр хүүхдүүдийг оруулахад бэлэн байна. Манай барилгын явц одоогоор 85-90 хувьтай байна” гэв.
Биднийг очиход уг барилгад 30 орчим хүн ажиллаж байв. Хүлээлгэж өгөх хугацаа тулвал хүн нэмээд ажиллуулах боломжтой гэж удирдлагууд нь хэлж байсан юм.
Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хорооны хэмжээнд 3-5 настай 2900 хүүхэд байдаг аж. Тэднээс өмнө нь 160 хүүхдийг авч, цэцэрлэгч хамруулдаг байсан бол одоо уг цэцэрлэг баригдчихвал 90 хүүхэд нэмэгдэж, 240 болох нь ээ. Мөн цөөн тооны ч болтугай багш, үйлчлэгийн ажлын байр нэмэгдэх юм.
Дээрх дүүрэгт зорилтот бүлгийн буюу 24 цагийн нэг л цэцэрлэг байдаг нь энэ. Цэцэрлэгийн захирал, багш нар нь хорооныхоо Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтарч, өрхийн судалгаа авснаар өөрийн цэцэрлэгт орох хүүхдүүдийг сонгодог гэнэ.
Энэ үеэр БСШУСЯ-ны гэрээт хяналтын инженер Ч.Ганзоригтой ярилцлаа.
Ч.Ганзориг: Тухайн барилгын баригдаж байгаа хурдац гүйцэтгэж байгаа компаниас нь их шалтгаалж байна
-Энэ онд багтааж гүйцэтгэнэ гэсэн сургууль, цэцэрлэгийн барилгын хэдэн хувь нь хэрэгжих магадлалтай байна вэ?
-Он дамнаад ч болтугай ашиглалтанд ордог барилга ч байдаг юм билээ. Гэхдээ бид заавал ингэж очиж шахаж, шаардаж яваагийн шалтгаан нь удахгүй болох хичээлийн шинэ жилийн баярт хүүхдүүдийг шинэ сургууль, цэцэрлэгт нь оруулах гэснийх. Хан-Уул дүүрэгт энэ онд ашиглалтанд орох сургууль, цэцэрлэгийн барилгууд ерөнхийдөө гайгүй явагдаж байна. Тэдгээр барилгын баригдаж байгаа хурдац, тухайн гүйцэтгэж байгаа компаниас их шалтгаалж байна.
-Хариуцлага муу ажиллаж байна гэсэн үг үү?
-Тухайн компаниуд тендерт өрсөлдөхдөө “Манайх ийм хүчин чадалтай, техник төхөөрөмж ийм” гэж хэлж ялаад барилгынхаа ажлыг хэсэг явуулдаг. Тэгснийхээ дараа “Одоо бидэнд ийм санхүүжилт хэрэгтэй байна” гэнэ эсвэл ажилчдаа тэс өөр барилгад хуваагаад ажиллуулчихдаг. Тэгэхээр үндсэн барилгад нь цөөхөн тооны ажилтан үлдчихээр тендерт өрсөлдөж байхдаа хэлсэн үгтэйгээ нийлдэггүй. Мөн хүлээж авсан ажил нь ч урагшилдаггүй зовлонтой. Хэдийгээр бид тэднийг “Одоо хичээл сургууль орох боллоо. Барилгынхаа ажлыг яаралтай дуусгаач ээ” гэхээр дээд тал нь 20 хүн ажлуулдаг.
-Үүнд барилгын хөгжлийн төвийн удирдлагууд ямар шаардалага тавьдаг вэ?
-Тэд барилгын компаниудаа л өмөөрдөг. Барилгын компаниудыг яаравчлуулах байтугай биднээс “Танайх эдгээр компанийн санхүүжилтийг шийдэж өгөх хэрэгтэй байна” л гэдэг. Яг үнэндээ Боловсролын яам чинь мөнгө гаргадаг газар биш шүү дээ. Түрүүн БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Засгийн газрын хуралдаанаар 31 барилгын компанид улсаас төсөв баталсан” гэж хэлсэн. Үүнд багтаагүй бол үнэндээ хэцүү шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь эдгээр барилгын компани ямар ч бэрхшээл байсан амласан амлалтандаа хүрч, барилгынхаа ажлыг эхний хугацаанд өөрсдийн боломжоороо ажиллаж, бүрэн хүлээлгэж өгөх ёстой. Тэгсний дараа шаардагдсан төсвийг улсаас гаргаж өгнө гэсэн яриагаар ажил явагдаж байна.
Хан-Уул дүүрэг дэх зорилтот бүлгийн цэцэрлэгийн барилга хэзээ дуусах нь тодорхойгүй байна | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.