Шууд Chart

"Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-эрх зүйн баталгааг хангах нь" уулзалт болж байна

2019-09-04 13:11:38

Гадаад харилцааны яам, Хүний эрхийн эрхийн үндэсний комисс 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтад төр, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, мөн олон улсын байгууллагын төлөөлөл болон Гадаад харилцааны сайдын урилгаар НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст оролцож байгаа болно.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага, ач холбогдол мөн олон улсын туршлага, хэм хэмжээний талаар санал солилцож, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг хийх юм.

НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст Засгийн газрын урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажилласан бөгөөд тэрээр энэ айлчлалынхаа дүнд хүний эрхийн хамгаалагчийн талаарх ойлголт мэдлэгийг бүх түвшинд сайжруулах, хүний эрхийн хамгаалагчдын хууль ёсны нэн чухал эрх, үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хууль батлахыг Засгийн газарт зөвлөмж болгосон. Тусгай илтгэгч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа нь Засгийн газар хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй НҮБ-ын тусгай бүтэцтэй тууштай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд есдүгээр сарын 4-ний өдөр хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар сэтгүүлчдэд зориулсан кино хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнд болох бол есдүгээр сарын 6-ны өдөр Тусгай илтгэгч Мишель Форст “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг” сэдвээр МУИС-ийн дугуй танхимд олон нийтэд лекц уншина.


"Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-эрх зүйн баталгааг хангах нь" уулзалт болж байна  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй