![](/uploads/201403/news/thumb/9c49d9dd9b09cdb7590c8d895fe41031_x3.jpg)
Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн явцын талаар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мэдээлэл хийлээ.
“Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад нийт 1151 төсөл ирснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй, 200 төсөл нь төслийн ерөнхий зорилгод нийцээгүй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл ирсэн аж.
Эдгээр 888 төслийн нийт санхүүжилт 7.3 их наяд төгрөг, үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4.2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцжээ. Хамгийн өндөр өртөгтэй төсөл 285 тэрбумын зээл хүссэн байхад хамгийн бага зээл нь таван сая төгрөг байна.
Экспортыг дэмжих төсөлд ашигт малтмал боловсруулах, хүнд үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг долоон салбарын төсөл иржээ. Харин импортыг орлох төслийн олонх нь барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг найман салбарынх байна. Эдгээр төслийг хэрэгжүүлбэл, 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоог тус яам хийжээ.
Үйлдвэржилтийн төслийн зээлийг төгрөгөөр олгох ба хугацаа нь таван хүртэл жил байх аж. Хүүгийн хэмжээ жилийн есөөс илүүгүй хувьтай байна. Мөн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх бөгөөд төсөл санаачлагч нь өөрийн сонгосон арилжааны банкинд хандаж зээлээ авах ажээ.
“Чингис” бондын хөрөнгөөр санхүүжих 1151 төсөл 888 болж хасагджээ | ||
Үзсэн: 2556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.