![](/uploads/201403/news/thumb/4a1edfcf904be53a318bf19e6abf8874_x3.jpg)
Засгийн газраас энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн есөн чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд ахимаг насны иргэдээ ажилтай болгох бодлого мөн багтсан бөгөөд үүний дагуу “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж өнөөдөр нээлээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаагаас 3500 гаруй нь нийслэлд байдаг аж. Эхний ээлжинд дээрх иргэдийн дөрөвний нэг хэсгийг ажил, орлоготой болгоход төр дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд энэ насны иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс нийгмийн үйлчилгээний чиглэлээр ажил санал болгож, хийсэн ажилд нь хөлс урамшуулал олгох аж. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц зохицуулах, иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх эргүүлийн ажлууд, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх төслүүдэд хамрагдаад урамшуулал авч болно гэсэн үг.
Түүнчлэн 40-өөс дээш насны иргэд дангаараа буюу хамтраад хувийн аж ахуй эрхлэх тохиолдолд тоног төхөрөөмж авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, оёдол урлалын үйлдвэрлэл эрхлэх гээд олон хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх иргэд энэ хөтөлбөрт хамрагдан төрөөс дэмжлэг авч болох ажээ.
Дээрх чиглэлүүдээр 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж энэ жил 3.1 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж энэ жилийн төсөвт тусгасан 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс 40-өөс дээш насныхан зээл авах боломжтой болжээ.
40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.