Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 52 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан үзэгчдийг телевизтэй “уядаг” гол хүмүүсийн нэг зураглаач хүнийг сонголоо. Энэ бол МҮОНТ-ийн зураглаач Ө.Пүрэвсүрэн юм. Харахад залуухан ч хийсэн зүйл ихтэй түүнтэй хийсэн хэсэгхэн ярилцлагыг уншигч танаа хүргэе.
-Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 52 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эфирээр тэр бүр гардаггүй ч иргэдийг үзэгчидтэй уулзуулдаг танд өндөр ойн баярын мэндийг хүргэе?
-Баярлалаа. Ажлын хамт олондоо ч түүхт баярын хүргэе ээ. Би энэ сайхан байгууллагаар 2004 оноос овоглох болсон. Шалтгаан нь гэвэл Ө.Бямбасүрэн буюу хүмүүсийн хэлж заншсанаар “Жаахан шарга” ах маань манай байгууллагад зураглаачаар 10 гаруй жил ажиллаж байсан юм. Миний төрсөн ах л даа. Харамсалтай нь авто ослоор бурханы орон руу одчихсон. Би тэр үед КУДС-д зураглаачийн ангийн нэгдүгээр курст сурч байлаа. Гэтэл “MNB Sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш ах, продюсер Д.Туул эгч хоёр намайг оюутан гэлгүй итгэл хүлээлгэж, “Ах тань манай байгууллагад ажиллаж байсан юм чинь миний дүү ахыгаа орлоод ажлаач” гэсэн санал тавьсан.
-Тэгэхээр оюутны ширээнээсээ л энэ том “айлд” ажиллаж. Анх ямар ажилд томилогдсон бэ?
-“Гэрэлтэй цонх” хөтөлбөрт ажилласан. Ах маань намайг өмнө нь Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студид дадлага хийлгэсэн юм. Тэр үед би Халхын голын түүхт ялалтын 60 жилийн ойгоор Дорнод аймаг руу томилолтоор явав. Гэтэл гэрийнхэн маань Дорнод аймгийн цэргийн анги руу утсаар мэдэгдэж, ахад болсон хэцүү мэдээг надад дуулгаснаар би томилолтын хугацаанд хийх ажлаа дуусгачихаад буцаж ирсэн. Тэр үед хүн болгонд гар утас байдаггүй байсан болохоор миний очсон цэргийн анги руу манай гэрийнхэн холбогдсон юм билээ.
-Нэг гэр бүлээс хоёр хүн зураглаач мэргэжилтэй болно гэдэг сонин юм. Энэ мэргэжил та хоёрын чин хүсэл байсан уу?
-Ах маань анх тайз чимэглэлийн албанд ажиллаж байсан юм. Тэр үедээ өөрийнхөө сонирхлоор зураглаач нараас зөвөлгөө авч, хамтарч ажиллаж байгаад энэ мэргэжил рүү орсон түүхтэй. Тухайн үед “Өглөө хөтөлбөр”, “Хит энтертайнмент”, “Замд гарья” нэвтрүүлэгт ажиллаж байсан. Ихэвчлэн “Өглөө хөтөлбөр”-т ажиллаж байсан болохоор дарга нар намайг энэ албанд эхлээд авсан байх. Тэгээд ч би ахыгаа бурхан болно чинээ төсөөлж байгаагүй ч ах шигээ зураглаач болох юмсан гэсэн мөрөөдөл тээж байсан. Оюутан болохоосоо өмнө ахынхаа ажлаар орж ирж “Хит энтертайнмент”-эд зураглаач хийж байхад нь харчихаад “Энэ гоё том байгууллагад ингээд ажиллах сайхан юмаа” гэж бодож байлаа. Тэр үе л намайг энэ салбар руу хөтөлсөн байх. Түүнээс биш би өмнө нь СУИС-д орж жүжигчин мэргэжилтэй болдог юм билүү эсвэл аав шигээ цагдаа болох уу гэсэн тодорхойгүй сонголттой байлаа.
-Гэхдээ буруу сонголт хийгээгүй л байна шүү дээ ...
-Тийм ээ, ахыгаа орлоод сайхан хамт олны дунд өөдтэй явна. Манай байгууллагынхан миний ажлыг үнэлж, саяхан Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмгээр шагнасанд баяртай байгаа.
-Хөндлөнгийн хүмүүс зураглаач нарыг хараад “Хүнд камер бариад удаан зогсохдоо хөл нь чиглдэг байх даа” гэж боддог. Өмнө нь би зураглаач хүнтэй ярилцаж байсангүй. Та бүхэнд тийм хүндрэл гарна биз дээ ...
-Мэргэжилдээ хайртай болохоороо хүндрэлтэй санагддаггүй. Гэхдээ хүн л юм чинь гар гэхээс илүү нуруу чилдэг. Гол ачаалалаа нураан дээрээ авдаг болохоор тэр л дээ. Бидний хэрэглэдэг камер 20 кг жинтэй. Одоо би тав дахь камертайгаа “найзалж” байна. Үнийн хувьд 67 сая төгрөг. Зуны халуунд, өвлийн хүйтэнд гээд л янз бүрийн орчинд зураг авна. Гэртээ байх минь ч ховор. Ажлынхаа буянаар 21 аймгаа гурав дахиа тойрч, Япон, Австри, ХБНГУ зэрэг улсад ч очоод ирсэн.
-Таны хувьд ямар үйл явдалтай зураг авах хэцүү санагддаг вэ?
-Амар зүйл гэж байхгүй л дээ. Ялангуяа киноны зураг авах хэцүү.
-Гэрэл зурагчид адуу, байгалийн сайхан, ан амьтны зургаа төрөлжүүлж, архивладаг юм билээ. Харин та бүхэн дээрх жишгээр төрөлжүүлж, зураглал хийдэг. Таны хувьд ямар зураглал чинь хамгийн сайхан санагддаг вэ?
-Бид нар яг архив болгож хувьдаа авч чаддаггүй юм аа. Телевизийнхээ фондод л оруулдаг. Гэхдээ дээхнэ “Дөрвөн урилга” нэвтрүүлгийн зургийг авахаар баруун зургаа, зүүн гурван аймгаар явж байхдаа Хяргас, Хар ус, Ачит зэрэг нуураар зураглал хийсэн. Яагаад заавал нуурны зураглал хийсэн бэ гэхээр дээрх нэвтрүүлэг маань дандаа нуурын эрэг дээр хийгдсэн болохоор ... Тиймээс би чөлөө заваа зохицуулаад өөрийн сонирхлоороо тэр зураглалыг авсан юм.
-Сэтгүүлч бид түүхэн гавьяатай, ховор амжилт үзүүлсэн хүмүүстэй ярилцлага хийвэл маш их баярладаг. Харин та нар тийм хүмүүсийн зургийг авч эфирээр гаргахдаа мөн адил сэтгэгдэлтэй байдаг болов уу?
-Тийм. Дараа нь телевизээр харж байхад гоё санагддаг. Сэтгэлд үлдсэн нэг зүйл гэвэл хамгийн сүүлд хоёр сайхан түүхэн хүний зураг авсан. Спортын сэтгүүлч Д.Батжаргал, найруулагч Н.Байгаль эгч нартай наадмын өмнөхөн дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг уулзуулах зорилгоор сайхан ярилцлага хийсэн юм. Мөөеө аварга маань залуу насныхаа тухай ярилцлага өгч байхдаа уйлж ч байлаа. Одоо тэр хүн бидний дунд байхгүй ч түүх болгоод зургийг нь авсандаа баяртай байгаа. Тэр нэвтрүүлэг одоогоор үзэгчдэд хүрээгүй байгаа. Удахгүй гарах байх аа.
-Ярилцлага өгч байгаа хүмүүсийнхээ яриаг сонсоод уйлж, өмөрч байсан үе бий юу?
-Байгаа. Манай телевизээс зохион байгуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” уралдаанд Сэлэнгэ аймагт байрладаг цагдан хорих 433-р анги буюу Дарьтын чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч оролцож байлаа. Тэгэхэд би Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, Г.Агааноров нартай явж нэвтрүүлгээ бэлтгэсэн юм. Тэр хүн “Болчимгүй алдаанаасаа болж хэцүү нэртэд сууж байхдаа ээждээ л санаа зовж байна даа” гэж яриад уйлхад нь зураг аваад зогсч байгаа би өөрийн эрхгүй дагаад уйлсан. Ер нь тэнд сууж байсан бүх хүн уйлсан даа.
-Хамгийн сүүлд ямар том уран бүтээлд оролцов. Үүгээр ярилцлагаа өндөрлье ...
-Манай телевизийн бүтээл “Хамгийн азтай үе” олон ангит уран сайхны кинонд ерөнхий зураглаачаар ажилласан. Өмнө нь “Нарны жим”, “Амьдрал чиний төлөө” зэрэг кинонд хоёрдугаар зураглаачаар ажиллаж байсан бол дээрх бүтээлд анх удаа ерөнхий зураглаачаар ажиллаж үзлээ. Сайхан юм билээ. Гэрээнийхээ дагуу Зайсан байрлах хотхонд 45 хоног байрлаж ажилласан.
-Ярилцсанд баярлалаа.
Ө.Пүрэвсүрэн: Ахыгаа орлоод сайхан хамт олны дунд өөдтэй явна | ||
Үзсэн: 3263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.