Шууд Chart

Бичил зээлийг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно

2014-03-06 15:29:44

Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Уг төсөл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батласан нийслэлийн "2013-2016 оны нийгэм эдийн засгийн зорилт"-д тусгагдсан бөгөөд үүнээс өмнө нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс авсан санал асуулга авсан бөгөөд ингэхэд иргэдийн олонх нь бичил бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газраас явуулсан судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. 
 
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байгаа ажээ.
 
Тодруулбал, зээлийн хугацаа 18 сар, зээлийн хүү жилийн 5-8 хувь байна гэж үзэж байгаа юм. Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдах аж.
Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын төсөлд зээлийн хэмжээг одоогоор таван сая төгрөг гэж тогтоожээ. Аль болох олон өрхөд хүрч үйлчлэхийн тулд зээлийн хэмжээг ийнхүү бага тогтоосон байна. Зөвхөн зээл олгоод зогсохгүй  бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулах юм байна. 
 
Хөтөлбөрт нийслэлийн 152 хорооны бичил бизнес эрхлэн ажлын байр бий болгон амьжиргаагаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй ажилгүй иргэн, өрх, бүлэг хамрагдах бөгөөд тухайн хороонд хөршийн холбоо байгуулан тус холбоо нь шаардлага хангасан төслүүдийг  шалгаруулан, санхүүжилт олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бичил зээлийг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй