
Катарын нийслэл Доха хотноо эхэлсэн хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ-ий анхны медальтнууд тодорлоо.
Энэ сарын 27-28-нд шилжих шөнө буюу орон нутгийн цагаар шөнийн 00 цагаас эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн эхэлсэн юм. Энэ нь шөнө дунд болж буй анхны ДАШТ-ий зай, төрөл болов. Үүнд 41 орны 71 тамирчин бүртгүүлсэн ч гараанаас 68 нь уралдав.
Ийнхүү Кенийн Рут Чепнгетич 2 цаг 32 минут 43 секундын амжилтаар түрүүлж, энэ удаагийн ДАШТ-ий анхны алтан медалийг зүүлээ. Мөнгөн медалийг Бахрайны нэрийн өмнөөс уралддаг, кени бүсгүй, 2017 оны дэлхийн аварга, Азийн наадмын аварга Роуз Челимо 2:33:46 амжилтаар, хүрэл медалийг Намиби Улсын марафонч Хелалиа Йоханнес 2:34:15 амжилтаар хүртлээ.
Дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальт Эдна Киплагат медальтнуудын араас барианд орж, Беларусийн В.Мазуронак "айргийн тавд" багтав.
Эхний 10-т АНУ, Япон, БНАСАУ, Канад, БНАСАУ-ын тамирчид дарааллаар барианд орсон.
Манай улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:56:15 амжилтаар 25 дугаар байрт, Баярцогтын Мөнхзаяа 3:02:57 амжилтаар 34 дүгээр байрт орлоо.
Марафон гүйлт бол хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог. 42 километр замыг дунджаар 2 цаг хагасын хугацаанд гүйж туулна гэдэг амаргүй. Тиймээс ч марафон гүйлтэд цөөнгүй тамирчин замын дундаас гардаг бөгөөд барианд орохыг амжилттай оролцсонд тооцдог билээ.
"Доха-2019"-ийн анхны аварга тодорлоо | ||
Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.