![](/uploads/201403/news/thumb/79f645872baa143630b2d3b32b26c46e_x3.jpg)
Саяхны нэг өдөр би хотын төвийн үсчинд орчихоод гарч иртэл машин маань байдаггүй. Машинаа хулгайд алдчихлаа гэж сандарч байтал ашгүй нэг хүн “аччихсан” гэдэг байгаа. Миний ордог үсчний газрын ойр хавьд машины зогсоол байдаггүй болохоор би машинаа нэгдүгээр эгнээнд тавьчихдаг байсан юм. Дүрмийн хувьд буруу гэдгийг мэддэг ч бусад жолооч нарын л адил зогсоол байхгүй юм чинь яая гэхэв дээ гэж санаагаа тайвшруулаад тавьчихдаг байсан хэрэг.
Машингүй болсон тэр өдөр би “алга болсон” машинаа хаанаас сураглах, улмаар хаана хандаж эргүүлэн авахаа мэддэггүй жолооч гэдгээ мэдэв. Учир нь машинаа орхиод орсон газарт ямар ч тэмдэг тэмдэглэлээ алга. Аль байгууллага ачаад явсан гэдэг нь тодорхойгүй байлаа. Уг нь би машиндаа “Уучлаарай, түр зогслоо” гэсэн бичигтэй цаасан дээр утасныхаа дугаарыг бичээд хүмүүст харагдахуйц газар байрлуулсан байдаг юм. Гэтэл гар утас руу маань хэн ч залгаж “Та дүрэм зөрчсөн тул машиныг тань тэр байгууллагаас ачаад явлаа. Тэр газраас очиж аваарай” гэж хэлсэнгүй. Бодоод байх нь ээ “Замын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачна” гэж сонсч байснаас ачуулсан машиныг тэндээс очиж авна гэсэн мэдээлэл дуулж байсангүй. Машиныхаа эрэлд хатсан би найз нөхөд рүүгээ утасдан машинаа ачуулж байсан хүн хайж эхлэв. Хэдэн хүн рүү утас залгасны дараа машинаа гэнэт “хулгайд алдсан” хүнтэй холбоо барьж амжлаа. Ингээд 70004455 гэдэг дугаараас асуудаг гэж сонсоод машиныг маань ачаад явсныг мэдлээ.
Ингэж машиныхаа сургийг баттай гаргасны дараа ачуулсны хөлсөнд 70000 төгрөг, өөрсдийнх нь өгсөн Төрийн сангийн дансанд торгуулиа төлөхийн тулд бусад арилжааны банкнаас гуйвуулахад төлөх шимтгэл 600 төгрөг, журмын хашаанд оруулж нэг цаг байлгасны хөлсөнд 3500 төгрөг, за тэгээд миний унаанд суусан мөнгө гээд овоо хэдэн төгрөг болчихдог юм байна. Хагас сар тутамд авах цалингаа тооцоолж амьдардаг над мэтийн хүнд гэнэтийн энэ их мөнгө багагүй бэрхшээл үүсгэх нь тэр. Сарынхаа цалингийн багагүй хувиар өрд орсон би машинаа авч буцахдаа энэ талаарх мэдлэггүй жолооч нарт хэрэг болно байх гэж дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хотын замын хөдөлгөөнийг бууруулж ачааллыг багасгахын тулд нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ны өдөр “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай” А/ 769 тоот захирамж гаргасны дагуу дүрэм зөрчигсдийн машиныг ачих ажил хэрэгжиж эхэлсэн.
Хэрвээ таны машин гэнэт алга болвол 70004455 дугаар руу залган машиныхаа улсын дугаарыг хэлж ачилтын ямар компани машиныг тань ачсаныг мэдэх хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна ачилт хийдэг зургаан компани, 29 машин байдаг юм байна. Тэдгээр компани тус бүртээ ачилтын машинуудтай аж.
Тодруулбал:
Дүүргүүдийн нэр
|
Ачилтын компани
|
Машины тоо
|
Журмын хашаа
|
Чингэлтэй дүүрэг
|
Замын хөдөлгөөний удирдлагын төв
|
9
|
ЗЦГ-ын зүүн талд байрлах АТ-3 журмын хашаа
|
Очут ХХК
|
3
|
||
Сүхбаатар дүүрэг
|
Замын хөдөлгөөний удирдлагын төв
|
9
|
|
Хас Транс ХХК
|
5
|
||
Хан-Уул дүүрэг
|
Хас Транс ХХК
|
5
|
|
Баянгол дүүрэг
|
Замын хөдөлгөөний удирдлагын төв
|
9
|
Гурвалжингийн гүүрэн дээр байрлах АТ-6 буюу Хөсөг трейд ХХК-ийн журмын хашаа
|
Авто Гранд мастер ХХК
|
3
|
||
Баянзүрх дүүрэг
|
BMML ХХК
|
2
|
DMNL компанийн 22-р баазын хашаанд байрлах АТ-4 журмын хашаа
|
Ачит сэлэнгэ ХХК
|
5
|
||
Сонгинохайрхан дүүрэг
|
Замын хөдөлгөөний удирдлагын төв
|
9
|
Сонсголонгийн гүүр даваад байрлах ЗЦГ болон Тэнүүн- Огоо Компанийн хамтарсан АТ-5 журмын хашаа
|
Тэнүүн-Огоо ХХК
|
2
|
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр ачигчид тухайн машины улсын дугаарыг хэлж чанга яригчаар 5-10 минут дуудна. Хэрэв энэ хугацаанд амжиж гарч ирвэл жолоочийг торголгүй өнгөрөх аж. Хэрвээ жолооч нь гарч ирэхгүй бол машиныг нь эргэн тойрон бичлэг хийж дүрсээр баримтжуулан хаалгыг нь лацдаад ачаад явдаг гэнэ. Машины моторын багтаамжнаас шалтгаалан төлөх мөнгөн дүн нь өөр. Тухайлбал, 900-2500 мотортой бол 70.000 төгрөг, 2501-3000 мотортой бол 75.000, 3901-ээс дээш бол 80.000 мянган төгрөг төлнө.
Нийслэлийн удирдлагын зүгээс замын хөдөлгөөний ачааллыг багасгахын тулд авч хэрэгжүүлж буй олон ажлын нэг нь нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачих ажил юм. Цөөнгүй иргэн энэ ажилд ам сайтай байгаа ч зогсоолын хүрэлцээ тун дулимаг манай нийслэлд замын ачааллыг бууруулж дөнгөх цогц шийдэл болж чадсангүй. Нийслэл хотод авто машины зогсоол тийм ч хангалттай бус, хувийн хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм. Бүр аргагүйд хүрвэл минутаар төлбөр нь нэмэгдэх зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулна.
Мөн машины ачилтыг тойрсон хар сэр энгийн иргэдэд байдаг тухай сонслоо. Ачилт хийдэг ажилтнууд нэгдүгээр эгнээнд тавьсан азын дугаартай, үнэтэй машинуудыг ачдаггүй гэнэ. Ачуулсан жижиг оврын тээврийн хэрэгслийн цөөнгүй хувийг лизингийн машин эзэлдэг гэх. Сарынхаа цалинг машиныхаа зээлд өгч оройн цагаар “халтуур” хийдэг хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40 орчим хувьтай тэнцэх мөнгөн дүнг нэг өдрийн дотор төлнө гэдэг амаргүй даваа байх нь ойлгомжтой.
Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 50 машин ачдаг гэж тооцвол нийт дөрөв орчим сая төгрөг, сард зуу гаруй сая төгрөг болно. Харин жилд тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлэх нь. Зогсоол барьж эхлэхэд хүрэлцэхүйц мөнгө. Мөн цугларсан мөнгөөр ачуулсан машинаа хаанаас очиж авах талаарх мэдээллийг олон нийтэд түгээхэд зарцуулж болох юм. Тодруулбал, замын хөдөлгөөнийг бууруулж ачааллыг багасгахын тулд хийж буй “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай” захирамжийг олон нийтэд сурталчлах ажил дулимаг байна.
Өөрсдөдөө хэрэгтэй мэдээллийг иргэдийн чихэнд хоногштол “рекламддаг” шигээ дүрэм битгий зөрчөөрэй, дүрэм зөрчвөл торгоно шүү гэх сэрэмжлүүлэг мэдээллийг нийтэд түгээхэд, мөн машиныг нь чинь ачаад явчихлаа гэх товчхон хэл жолоочид нь хүргүүлж байхад болохгүй зүйл юу байх билээ.
“Алдагдсан” машины эрэлд | ||
Үзсэн: 14610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.