Шууд Chart

Гамшгийн аюулд өртөж таван хүн нас баржээ

2014-03-10 11:12:30

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, Шуурхай мэдээллийн төвд ирсэн дуудлага болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газар,  Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээллээ.

2014 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагаас 2014 оны гуравдугаар сарын наймны 08:00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсанд иргэд, байгууллагаас 102 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс  зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдвэрлэж ажиллажээ.

Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 42.1 хувийг орон сууцтай холбоотой, 38.2 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзлэж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 13.3 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 14 хувиар буурсан үзүүлэлттэй  байна.

Нийслэлийн онцгой байдлын газар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гамшиг ослын 97 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 88 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын  есөн дуудлага байна. Гамшгийн аюулд өртөж гурван хүн түлэгдэж, таван хүн нас барж, зам тээврийн болон ахуйн осолд  бэртэж гэмтсэн гурван хүнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, гурван хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас  12 хүний амь бие, 170 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 329 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 154, осол, зөрчлийн шинжтэй 175 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг нэг бүртгэгджээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 34 бүртгэгдсэн байгааг урд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад хоёр буюу 5.5 хувиар буурсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гамшгийн аюулд өртөж таван хүн нас баржээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй