
Чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ аравдугаар сарын 10-13-нд Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д боллоо. 22 дахь удаагийн тэмцээнд 41 орны бөхчүүд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд хүч үзсэн юм.
Сүүлийн өдөр буюу өнөөдөр “А” ангиллын 62, 70, 78, 88, 100, 130 кг-ын жингийн барилдаан болж манай зургаан бөх зодоглосноос 78 кг-ын жинд Өмнөговь аймгийн тамирчин, спортын мастер Цэрэнбаатарын Ганзориг ганцаараа хүрэл медаль хүртэв.
Тэрбээр тэгшитгэлд ОХУ-ын Рустам Ташуевыг цэвэр, шөвгийн наймд өнгөрсөн жилийн Мастеруудын ДАШТ-ий мөнгөн медальт, нутаг нэгт Б.Лхагвадоржийг 5:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд Туркийн Абдулхамит Алтунд 1:1-ээр сүүлийн оноогоор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Асланбек Эзерхановт 4:5-аар хожигдож яваад цэвэр дарав.
Ийнхүү манай ахмад бөхчүүд Тбилисийн дэвжээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Тбилисээс медаль хүртсэн бөхчүүд:
Алтан медаль:
- Дамирангийн Бумбаяр - “D” ангиллын 130 кг
- Нямжавын Баатар “С” ангиллын 70 кг
Мөнгөн медаль:
- Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг
Хүрэл медаль:
- Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг
- Гэндэндоржийн Баатарсүрэн - “D” ангиллын 62 кг
- Жанчивын Хурц - “В” ангиллын 62 кг
- Байлдагчийн Баянсан “В” ангиллын 78 кг
- Доржготовын Ганбат - “В” ангиллын 88 кг
- Цэрэнбаатарын Ганзориг - “А” ангиллын 78 кг
Мастерууд Гүржийн нийслэлээс есөн медальтай ирнэ | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.