
Өдгөөгөөс даруй нэгэн мянга гаруй жилийн тэртээд, Японы Хэй–ан эриний үед амьдарч асан Мүрасаки Шикибү (794-1185) хэмээх язгууртан эмэгтэй зохиолчийн бичсэн, хүн төрөлхтний хамгийн анхны роман хэмээхүй, “Гэнжийн туульс”–аас сэдэвлэсэн “Хорьдын сарнаар” монодрам буюу нэг хүний жүжиг тайзнаа тоглогдоход бэлэн болжээ.
Анх зохиогдсон цагаасаа 150 жилийн дараа буюу Хэй–аны эрин үеийн сүүлээр дэлгэмэл зургаар бүтээгдэж байв. Уг эх өдгөө ч бүрэн бүтэн хадгалагдаж байна.
Дэлхийн гуч шахам хэлээр орчуулагдсан төдийгүй, 1925 онд Артур Уэли англи хэлнээ хөрвүүлсэн бол, орчин цагийн Япон хэлнээс (Танизаки Жюүничиро /1886-1965/, Сэтаүчи Жякүчёо /1922-?/ нарын эхийг голлож орчуулсан) Монгол хэлнээ орчуулагч О.Жаргалсайхан “Гэнжийн туульс I,II” дэвтэрийг хөрвүүлсэн нь Монголын уншигчдыг дорнын хийгээд, дэлхийн сонгодогтой золгох боломжийг олгосон юм.
Тус бүтээлийн орчуулгад шүлгийн мөрүүд цөөнгүй бий бөгөөд, тухайлбал:
...Хүрэлзгэнэ дуугарч салхи тогтсон
Хүний ертөнц гэж энэ юмсан гэхээргүй
Яасан намуухан шөнө вэ
Яасан дөлгөөн сар вэ... хэмээн өгүүлжээ.
Харин эл романаас сэдэвлэсэн Г.Мишээл “Хоридын сарнаар” нэг хүний жүжигт, Хатан эх Кокидэн өнгөрөгч амьдынхаа үйлийг дэлгүүлж, хойдын насныхаа цэнийг сонсохоор Дэнслэгчийн шүүлтийн өмнө ирж буйгаар эхэлдэг төдийгүй, цаашлаад:
...Ял зэмгүй нартын дор гишгэлж ирсэн энэ Кокидэнийг
Дэнслэгч та хатуу чандаар шийтгэж, сүнсийг минь
Дээд орноо суудалүй, доод орноо гүйдэлгүй
Мөнхийн шаналант завсрын орноо хорьж хайрла
Мөргөн байж гуйя... гэх мэтээр эхлэлээсээ төгсгөл хүртлээ, нийт хоёр бүлэг, зургаан үзэгдлийн турш даруй 500 гаруй шүлгийн мөр хөвөрдөг байна.
“Хоридын сарнаар” монодрамын зохиолч, найруулагчаар Ганбатын Мишээл, Кокидэн хатны дүрд “Гэгээн муза” олон улсын театрын их наадмын нэг хүний жүжгийн төрөлд, шилдэг эмэгтэй жүжигчин алтан цомыг “Нохойн хурим” жүжгээр хүртсэн, Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин, МУСТА Чимэдцэеэгийн Уранбилэг тоглох аж.
Ийнхүү дорнын болоод дэлхийн сонгодог бүтээл, энэ сарын 20-ны үдэш Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын тайзнаа мэндлэх нь ээ.
Дэлхийн анхны романаар “Моно” жүжиг бүтээнэ | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.