Шууд Chart

П.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү

2019-10-17 10:55:24

“Монгол туургатан” театрын дуучин, МУСТА П.Баярмагнай энэ сарын 26-нд “Дуулж явах хамгийн сайхан” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийх гэж байна. Иймд түүнээс цөөн асуултанд тодруулга авсан юм.  

-Та хүмүүст "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцсоноор илүү танигдсан. Түүнээс өмнө хаана, ямар ажил эрхэлж байсан бэ?

-Миний ажлын гараа Төв аймгийн “Монгол туургатан” театраас эхэлсэн. Тэр үед Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг ах намайг “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд сонгосон. Дараа нь Баянхонгор аймгийн “Тэмүүжин” теарт хоёр жил, Үндэсний их урлагийн теарт Богд хааны дүрд урилгаар оролцож байлаа. Одоо бол “Монгол туургатан” театртаа эргээд урилгаар ажиллаж байна. Оюутны ширээнээс гараад өдгөө 10 жилийг үджээ. Таны хэлсэн шоунд оролцсоноор үзэгчид илүү их таньдаг болсон нь үнэн. Үүнээс өмнө буюу 2011 оны “Universe best songs” уралдаанд ч оролцож, шилдэг 25-д шалгарч байсан. Миний мэргэжил дуучин. 2003-2008 оны хооронд СУИС-ийн дуулаачийн ангид сурч төгссөн.

-Олон газар уригдаж, ажилласан байх нь. Найруулагчдад их л “олзлогддог” байж дээ ...

-Хэн нэгэн заавал нэг театртаа олон жил тоглох албагүй. Дүр бүтээх боломж гарвал аль ч театрт ажиллаж болно. Тэгвэл тухайн хүн тэр хэмжээгээрээ хөгждөг. Одоогоор би зургаан дүр бүтээсэн байна. Мөн уран сайхны гурван кинонд тоглосон.

-Одоо хэний найруулж байгаа, ямар нэртэй кинонд тоглож байна вэ?

-Өнгөрсөн жил Ж.Жамъянсүрэн найруулагчийн бүтээл “Хөхөө” кинонд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдтой төрсөн ах дүүгийн дүрд тоглосон. Энэ кино маань тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа. Мөн Азийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Харин энэ жил “Сүүн замын сахиул” нэртэй киноны эсрэг дүрд тоглосон. Тодруулбал, Хятад цэргийн дарга болж. Энэ киног Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ахын том хүү Анар найруулсан. Монгол, Казахстан, ОХУ-д нээлтээ хийнэ.

-2017 онд МҮОНРТ-ийн нэг кинонд тоглосон байх аа ...

-Олон ангитай киноных гэвэл тийм. 30 ангитай “Эрт нахиалсан сарнай” кинонд зүрх судасны эмч Галнямын дүрд тоглосон. “Академи авардс”-аас ч шилдэг олон ангитай киноны шагнал хүртэж байсан. Харин бүрэн хэмжээний кино гэвэл “Universe best songs” уралдааны шилдэг оролцогчдын хамтын бүтээл “Мартагдашгүй намар” мюзикл кино байлаа. Энэ кинонд би Жижигээгийн дүрд тоглосон.

-Ингэхэд дуучин хүн кинонд тоглох болсон тохиол юу байв аа ...

-Нэг талаараа аз гэж хэлж болох юм. Гэхдээ дуучин хүн жүжиглэх ур чадвар, мэдрэмжтэй байх ёстой. Түүнчлэн найруулагчид миний бие галбир, зүс царай гээд олон талыг харж, намайг сонгодог байх. Ер нь дуучин мэргэжилтэй хүн кинонд тоглосон нь цөөхөн. Алтан үеийнхнээс гэвэл “Тунгалаг тамир” киноны Эрдэний дүрд УДБЭТ-ын балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Баатар, дуурийн найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай Хатанбаатар Магсаржавын дүрд, Дашпэлжээ гуай ч Мандухай цэцэн хатан кинонд тоглосон байдаг. Мөн драмын урлаг надад маш сонирхолтой санагддаг.

-Тэгвэл драмын урлагт хэн нэгэн найруулагч тоглооч гэвэл ямар хариулт өгөх бол ...

-Үүнийг усыг нь ууж, ёсыг нь дагасан хүн л бүтээх байх. Харин би шимтэн үзэгч. Гэхдээ хэн нэгэн “Үүнд чи тогловол яг тохирно” гэвэл үзээд алдана даа. Монгол Улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд ах “Зөрүүд эрийг номхотгосон нь” мюзиклийнхээ гол дүрд намайг тоглуулж байлаа. Энэ дүрээ би “Тэмүүжин” театрт ажиллаж байхдаа бүтээсэн.

-Таны дүү Монгол Улсын гавьяат жүжигчин М.Уранцэцэг жүдогийн шилдэг тамирчдын нэг. Харин танд барилдах сонирхол байв уу?

-Дүү маань багаасаа барилдах чин хүсэлтэй. Харин миний зорилго өөр. Тэр нь дуучин болох. Гэхдээ Уранаа надтай мэхээ давтах үе байсан.

-Гэхдээ та хоёр төрсөн ах дүү биш байх ...

-М.Уранцэцэгийн ээж миний бага ангийн багш юм. Намайг бага байхад аав, ээж хоёр маань бурхан болж, би түүний ээжийг ээж шигээ санаж, дуудаж, хамт өссөн. Намайг дааруулагүй, өлсгөөгүй, цангуулаагүй. Өдий зэрэгтэй яваа минь тэр хүний л ач. Нэг гэрт өссөн бид тэгээд ч төрсөн ах, дүү л гэсэн үг. Ер нь энэ талаар ярихад маш урт түүх болох учир энэ хүргээд өндөрлье.

-Энэ удаагийн тоглолт тань бусдынхаас юугаараа онцлог болох вэ?

-Дуучин хүн хийсэн бүтээснээ үзэгчиддээ хүргэх ёстой гэж үздэг хүн, би. Тиймээс энэ бодлоо биелүүлж байгаа юм. Миний тоглолтонд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэьтрүүлэгч Д.Цоодол, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Ц.Түвшинтөгс, "Маск" продакшы жүжигчин М.Баярмагнай, МУСТА, дуучин Н.Баасандорж, "Гранд" хамтлагийн дуучин В.Гантулга, "Монгол Туургатан" театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. 

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү  
Үзсэн: 2838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-18 08:15
Сайн дуучин шүү, амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-18 07:38
жүдогийн гавьяат тамирчин Уранцэцэг байлгүй дээ. Сэтгүүлчээ бичсэн юм аа сайн нягтлаач
Амны билэгээс ашдын билэг гэдэг дээ [127.0.0.xxx] 2019-10-18 09:25
"Таны дүү Монгол Улсын гавьяат жүжигчин М.Уранцэцэг жүдогийн шилдэг тамирчдын нэг."
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 22:14
Сайхан дуучин дотортой мэдрэмжтэй дуулдаг амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 18:47
Гавьяат жүжигчин авах зиндааны чадварлаг дуучин. Нэгэн цагт авьяат авна даа. Харин даруу төлөв.бүтээлч. зөв бодол.зөв алхамтай яваарай
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 18:00
Маш сайхан хоолойтой хүү байна лээ. Өнчин өрөөсөн өссөн гэхэд сайхан хүнийг түшээд, элэг бүтэн болж, бүтэн заяанд амьдарч байгаа азтай байна. Өсгөсөн ээж нь их сайхан сэтгэлтэй хүн бололтой.Тэр сайхан сэтгэлтэй ээжид нь урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.
b [127.0.0.xxx] 2019-10-17 17:36
сайхан дуучин, ээжид нь аз жаргал хүсье, сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж охиноо сайн ахтай болгожээ

Бидэнтэй нэгдээрэй