Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

2019-10-19 14:52:55

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.­­

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 4 хэм дулаан байна.


 

2019 оны 10 дугаар сарын 19-ний 20 цагаас 10 дугаар сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2019 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 


Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй