
Ховд аймгийн Буянт сумын уугуул, Хан-Уул дүүргийн ОБГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, “Од” групп, “Их Монгол сан”, “Ховд” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Оргихын Хангайгийн төрсөн дүү О.Тамиртай ярилцлаа. Тэрбээр бага байхдаа бөх болох хүсэлтэй байсан ч өдгөө аав, ээжийнхээ үгний дагуу тэс өөр мэргэжлийг эзэмшихээр суралцаж байна. Гэхдээ үндэсний бөхийн барилдааныг бараг алгасалгүй үздэг гэсэн. Ийнхүү бидний яриа эхэлсэн юм.
-Таныг Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн дүү гэдгийг бөх сонирхогчид саяханаас мэддэг болжээ. Ах тань сайн барилдаж байгаа болохоор тэд гэр бүлийнхнийг тань ч сонирхож байх шиг байна. Ахтайгаа та хэр дотно өссөн бэ. Багадаа та хоёр ноцолддог байв уу?
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид эхээс дөрвүүлээ О.Хангай ах маань айлын ууган хүү бол би хамгийн бага нь. Ах, дүү л юм хойно дотно өсөлгүй яах вэ. Хүний ах юм хойно дүү нараа харж хандаж, цаг үргэлж санаа тавьж, хайрлаж, дэмжиж явсаар байна. О.Хангай ах надаас нэлээн олон насны зөрүүтэй болохоор хоорондоо ноцолдож байсангүй ээ. Харин үеийнхээ банди нартай бол ноцолдоно оо.
-Тэгээд давдаг байсан уу?
-Миний хүн давна гэж юу байх вэ дээ. Жаахан сонирхолтой юм болохоороо үеийнхээ банди нар, эрэгтэй дүү нараа нэг мэдэхэд л бариад авчихсан мэх хийгээд зогсож байдаг байлаа. Азаар ч гэх юм уу, ганц нэг давж л байсан /инээв.сурв/.
-Тэгвэл танд тамирчин болох хүсэл байгаагүй юу. Ээж тань Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агснаас гадна Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмынх гэдэг юм билээ. Мөн аймгийн арслан Магван, аймгийн заан Даваасүрэн, аймгийн начин Дамдинсүрэн нар хөвөрнө ...
-Намайг дунд сургуулийн сурагч байхаас агаа барилдаж эхэлж юм. Тэр үед надад барилдах сонирхол их байсан. Гэвч аав ээж маань “Эмэгтэй хүүхэд дэмий” гээд зөвшөөрөөгүй. Одоо харин Тэнхимийн аварга шалгаруулах тэмцээн болохоор сүмо бөхийн төрөлд оролцдог. Хоёр жил ороод алт, хүрэл медаль хүртсэн.
Эгч Туул, Тунгалага нарынхаа хамт.
-Тэгвэл барилдах авьяастай л юм байна. Гэхдээ өөрөө бөх болоогүй ч бөх хүнтэй гэр бүл болох бодол байдаг уу?
-Ер нь ийм авьяас байлгүй яах вэ дээ. Одоохондоо хүнтэй гэрлэх нас маань арай л болоогүй гэж боддог.
-Таниас гадна хоёр эгч тань одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Том эгч маань Ховд аймгийн лаборатори I сургуульд бага ангийн багш, нөгөө эгч “Төрийн банк”-нд ажилладаг. Харин би Ховд их сургуульд сургуулийн өмнөх боловсролын дөрөвдүгээр ангид суралцдаг. Тодруулбал цэцэрлэгийн багшийн дөрөвдүгээр курс гэсэн үг.
-Эгч нарт тань барилдах боломж байгаагүй юу?
-Манай хоёр эгч бөхөд тийм ч сонирхолтой биш. Хааяа бөх үздэг ч гэсэн нэг их шимтэж суудаггүй . Намайг бодвол арай л эмэгтэйлэг гэж хэлж болно.
-Та ид барилдаж бгаа бүх бөхийг хараад таних уу. Шууд нэрлэж чадах уу?
-Улсын цолтнуудыг бол бүгдийг нь танина. Нэрлэж чадна. Харин аймаг, цэргийн цолтнуудаас ид сайхан барилдаж байгааг нь л гэхээс бусдыг нь сайн мэдэхгүй ээ.
-О.Хангай ахынхаа давааны боорцгийг хэр их хүртдэг вэ. Нэхэж авч байсан тохиолдол бий юу. Монголчууд бөхийн боорцогийг их хүндэлж, хүрдэг шүү дээ ...
-Тэгэлгүй яах вэ, нэхэж ч авна, хажуугаар явж байвал дуудаад авна, ойрхон сууж байвал өөрөө авч ирээд ч өгдөг. Ер нь томоохон барилдааны дараа нутагтаа ирэхээрээ гэрийнхэндээ хадгалж байгаад ч аваад ирдэг юм.
-О.Хангай та хоёрын дунд олон хөгжилтэй явдал болсон байлгүй. Ер нь тэр хэр их хөгжилтэй хүн бэ?
-Агаа маань намайг тур, жингээ хас гэж байнга л хэлдэг. Нутагтаа удахгүй ирэхэд нь турчихсан байвал их баярлана байх. 2018 оны Даншиг наадамд үзүүрлэчихээд орой нь нутагтаа ирсэн. Би “Агаа та жаахан жин нэмчихсэн юм уу даа” гэтэл “За ёстой яаж ч таргалсан аав, Тамираа хоёрыг гүйцэхгүй шүү” гэдэг байгаа /инээв/.
-Чи хотод ирэх болгондоо ахынхаа барилдааныг бөхийн өргөөнд үздэг үү. Өчигдрийн барилдааныг телевизээр үзсэн байх. Харамсалтай нь хоёрын даваанд өвдөг шороодсон ...
-Очих болгондоо бөхийн өргөөнд үзэх зав гардаггүй юм аа. Ганц удаа үзэх гээд очтол нэгийн даваанд уначихаж билээ. Ер нь бөхийн өргөөнд эмэгтэй хүмүүс очиж үзэх нь ховор байсан ч сүүлийн үед нэлээд харагдах болсон байна билээ. Тэгээд ч ах намайг дагуулж бөхийн өргөө рүү явдаггүй юм. Тиймээс зурагтаар л бараг алгасахгүй үзнэ дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг шүү дээ. Давах ч үе байна, унах ч үе байна. Доор даваанд өвдөг шороодлоо гээд нээх харамсаад байдаггүй. Тэртээ тэргүй л биднийг баярлуулж явсан үе олон, цаашид ч олон баярлуулана гэдэгт итгэлтэй байна. Бэртэл гэмтлээс л хол байвал бусад нь болох биз ээ.
-О.Хангай харцага хүүхэд байхдаа гэрийн ажилд их дэмтэй байсан бэ. Хоол хийх, түлээ хагалах гээд л ажил мундахгүй шүү дээ ...
-Ер нь айлын том хүүхэд, ганц залуу нь болохоор ус авах, түлээ нүүрс хагалах, дүү нараа харж хандахаас эхлээд ажил мундахгүй. Аав маань агрономич мэргэжилтэй учраас гэрийн ажлаас илүүтэйгээр газар тариалангийн ажилд түлхүү тусладаг байсан. Бүр бага ангийн сурагч байхаасаа эхлээд ногооны ажилд тусладаг байсан. Одоо ч гэсэн намрын улиралд ногоо хураах, зарж борлуулах гээд бүх л зүйлд тус дэм болдог доо.
-Ахынхаа хамгийн сайхан барилдааныг нэрлээч гэвэл хэдэн оны, хэнийг давсан мөч бэ?
-Ах маань анх 2010 онд Ховд аймгийн Ховд суманд үзүүрлэж, сумын начин цол хүртэж байсан. Тэр цагаас эхлэн би гэдэг хүн бөхийн спортод хорхойсч, шимтэн үздэг болсон доо. О.Хангай ах одоо ч сайхан барилдаануудаа надад төдийгүй бөхөд хайртай Монголчууддаа харуулсаар түрүүлж, үзүүрлэж байна. Хамгийн сайхан барилдаан гэвэл 2014 оны цагаан сарыг нэрлэнэ. Тэр үед олон сайхан том цолтой бөхчүүд болох Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал нарыг өвдөг шороодуулж, цахиур хагалан үзүүрлэж байлаа. Тэгснээр сар шинийн барилдаанд аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэсэн анхны бөх болж байв.
-Ярилцсанд баярлалаа.
Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн дүү О.Тамир: Надад бөх болох хүсэл байсан ч аав, ээж зөвшөөрөөгүй | ||
Үзсэн: 16075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.