Шууд Chart

Яамдын "Барилга захиалагчийн товчоо"-дыг нэгтгэхээр боллоо

2014-03-11 16:32:03

Манай улсад хэд хэдэн төрийн захиргааны төв байгууллага дээр "Барилга захиалгын товчоо" ажиллаж тухайн салбарт баригдаж байгаа барилга байгууламжуудыг төлөвлөх, нэгдсэн зураг төлөвлөлтийг хийж төсвийг зохиох, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, Барилга хот байгууллатын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалаахын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамд "Барилга захиалгын товчоо" ажилладаг.

Дээрх "Барилга захиалгын товчоо" албадууд тухайн салбарын барилга байгууламжуудыг чанартай, хугацаанд нь барих зэрэг асуудлуудыг хариуцаж үр дүнтэй ажиллаж байсан хэдий ч энэ байгууллагын бүтцийг тойрсон шүүмжлэл ихээр гарах болсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр мэдээллээ. Тухайлбал, яам үндсэн ажлаа хийлгүй барилгын ажлын араас түлхүү хөөцөлдөж байна. Адилхан бүтэцтэй зохион байгуулалтууд нь давхацсан байгууллагууд төсвийг ихээр үрж байгаа учраас тэдгээрийг нэгтгэх нь зүйтэй гэсэн шүүмжлэлүүд ихээр гардаг ажээ.
 
Өнгөрсөн оны сүүлээр энэ оны төсвийг хэлэлцүүлж байхад “Царцаасан барилга”, “Авлигалдсан төсөв” гэх ойлголтууд гарч нэг барилга нь хэдэн жилээр баригдаж дуусдаггүй, төсөв нь хэд дахин нэмэгддэг, барилгынхаа хугацааг зохиомлоор уртасгадаг зэрэг сөрөг асуудлууд цөөнгүй гарсан. Үүний дагуу УИХ-аас тогтоол гаргаж өнгөрсөн сард царцаасан барилгууд дээр аудитын хөндлөнгийн дүгнэлтийг хийлгэсэн.
 
Уг ажлын хүрээнд өнгөрсөн жил УИХ төсөл батласан тогтоолынхоо нэг заалтад Засгийн газарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөвт арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэж ижил хэмжээтэй обьектуудын төсөвт өртгийг харилцан адилгүй тооцож барилгын ажил олон жил дамжин үргэлжилж байгааг таслан зогсоох зорилгоор тодорхой ажлуудыг даалгасан байна. Үүний нэг нь улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барих ажлыг улсын хэмжээнд хариуцуулан барьж гүйцэтгүүлэх чиг үүрэг бүхий Улсын үйлдвэрийн газрыг байгуулах, бусад барилга захиалгын товчоо албадыг нэгтгэх ажлыг Засгийн газарт онцгойлон үүрэг болгосон ажээ.
 
Тодруулбал, дээрх таван яамны Барилга захиалгын товчоодыг нийлүүлж Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Барилгын хөгжлийн төв дээр нэгтгэхээр болжээ.
 
Уг ажлын дагуу Засгийн газраас дээрх таван яамаас нэгдсэн судалгаа авч бүтэц орон тооны асуудлын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, БШУ-ы яамны Барилга захиалгын албаны мэргэжилтнүүд энэ асуудлыг шууд хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа бол БХБ-ын яамны зүгээс энэ асуудлыг дэмжиж байгаа ажээ. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-аас өгсөн шийдвэр учраас уг асуудлыг заавал биелүүлнэ. Гэхдээ зөв шийдлийг олж хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлож байна.
 
Мөн энэ ондоо нэгдсэн зохион байгуулалтад орж шинэчилсэн бүтцийн дагуу ажиллаж эхэлнэ. Ингэхдээ ямар нэг чиг үүргийг орхигдуулах асуудал гаргахгүй гэдгийг хэллээ. Түүнчлэн шинэчилсэн бүтцийн дагуу ажиллахад гарах хариуцлагыг Төрийн өмчийн хороо, Барилгын хөгжлийн төв, БХБЯ зэргийн аль нь хүлээхийг тодорхой болгоно гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.
 
Уг нэгтгэсэн алба нь хичнээн хүний орон тоотой байх, одоогийн Барилга захиалгын албадад ажиллаж байгаа орон тооны ажилчдыг хэрхэх, мөн зохион байгуулалт болон хариуцлага хүлээх асуудлуудыг тодорхой болгож яамдын байр суурийг нэгтгэж ирэх долоо хоногийн баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Яамдын "Барилга захиалагчийн товчоо"-дыг нэгтгэхээр боллоо  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй