
Монгол залуугийн түүхээр “Nike” AirMax шинэ загварын пүүз гаргахаар болжээ. АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй Монгол залуу хамтран ажиллахаар болжээ.
Өөрөөр хэлбэл Монгол хүний бүтээсэн загвараар “Nike Air Max 1” пүүз ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ийг хүртэл “NIKE” цахим хуудсаар худалдаанд гарах гэнэ.
“Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуу оролцжээ. “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэнг сонгосон байна. Ийнхүү тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болжээ.
“NIKE”-тай хамтрах нь түүний хамгийн том мөрөөдөл, зорилгуудын нэг нь байсан аж.
Энэ тухай Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан юм. Хэзээ хариу гарахыг мэдэхгүй байсан. Нэг өдөр Instagram feed хараад байж байтал “Сонгосон хүмүүс рүү цахим шуудан явуулсан” гэснийг харсан. Мэйлээ шалгатал хариу ирээгүй байсан юм. Яагаад ч юм сонгогдсон юм шиг совин төрөөд, спамаа шалгатал “Nike” гэсэн хаягнаас “Баяр хүргэе. Та хэдэн мянган хүн дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэг боллоо” гэсэн зурвас ирсэн байсан” гэв.
Б.Тэмүүлэн пүүз бүтээх үйл явц маш хурдан өрнөснийг дурдав. Цоо шинээр пүүз урлах биш харин “NIKE”-аас өгсөн таван загвараас сонгож, өнгө, материал болон гурван үсгээр түүх, санаагаа илэрхийлэх ёстой юм байна.
“Миний хүсэл зорилго орчин үеийн урлагийг хөгжүүлэх, түүнийг сурч цааш түгээх. Би нэг газраа удаан байж, нэг зүйлийг удаан хугацаагаар хийдэггүй. Нэг юм хийж байгаа ч түүнийгээ нэг хэвээр нь хийлгүй, үүнийг давчихвал цаана нь юу байгаа бол гэж үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор пүүзээндээ “Бадарчид” гэж нэр өгсөн. Англиар “Wanderers” гэж нэрлээд явуултал ийм нэртэй өөр гутал байна гэсэн. Одоо “Бадарчид” нэрийг нь шалгаж байна. Хариу хараахан ирээгүй байна” гэж ярьсан юм.
Ийнхүү Б.Тэмүүлэн алдарт “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй Монголын анхны хүн боллоо. Тэрбээр хип хоп хөгжим, гудамжны урлаг, график дизайн, пүүз, хувцас загвар, урлаг соёл сонирхдог бөгөөд АНУ-ын Лос-Анжелос хотод гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна.
Монгол залуугийн түүхээр “Nike” компани шинэ загварын пүүз гаргана | ||
Үзсэн: 2676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.