Шууд Chart

Монгол адуучин (Mongolian Groom) гурван хоногийн дараа уралдана

2019-10-31 09:51:31

Дэлхийн аварга шалгаруулах Breeder’s Cup уралдаан гурван хоногийн дараа Калифорни мужийн “Santa Anita” морин тойруулгад эхэлнэ.

Шагналын сан болон чансаагаараа дэлхийн топ уралдааны нэгэнд тооцогдох энэхүү уралдааны хамгийн нэр хүндтэй Classic гараанд түрүүлсэн адуу АНУ-ын оны хүлэг буюу шилдэг адуугаар шалгарах магадлал маш өндөр байдаг билээ. Classic гараа нь зургаан сая ам.долларын шагналын сантай, гурваас дээш настай адуу /хүйс харгалзахгүй/ хоёр км-ын зайд уралддаг журамтай

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 3-нд буюу гуравхан хоногийн дараа болох Classic гараанд Монгол эзэнтэй, Монгол уяачийн уясан хүлэг анх удаа уралдах гэж байна. Тодруулбал, Монгол Улсын алдарт уяач Энэбишийн Ганбатын уядаг, Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Давгадоржийн Ганбаатарын Монгол адуучин (Mongolian Groom) хэмээх хүлэг уралдана.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Breeders' Cup уралдааны Turf Sprint (G1) гараанд Э.Ганбатын уясан Д.Ганбаатарын Монголын Бямбаа буюу Mongolian Saturday түрүүлж байв.

Энэ жилийн хувьд төдийлөн нэрд гараагүй байсан Mongolian Groom нь өнгөрсөн есдүгээр сарын 28-нд болсон Awesome Again Stakes (G1) уралдаанд дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг McKinzie болон Higher Power нэртэй хурдан хүлгийг дийлэн түрүүлснээр Breeders' Cup уралдааны Classic (G1) гараанд уралдах эрхтэй болсон юм.

Awesome Again Stakes (G1) уралдааны дараа Э.Ганбат уяач “Энэ уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй байсан. Америкийн хоёр шилдэг хүлэгтэй уралдсан. Тэднийг дийлнэ гэж бодоогүй. Гэтэл хоёр шилдэг уяачтай, хоёр шилдэг хүлгийг ялж чадлаа” гэж байв.

Харин саяхан мэдэгдэхдээ “Бидэнд хоёр давуу тал байна. Нэгдүгээрт бид гэртээ буюу байгаа газартаа уралдана. Хоёрдугаарт манай морь ийм зам дээр уралдах дуртай” гэжээ.

 

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол адуучин (Mongolian Groom) гурван хоногийн дараа уралдана  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй