Шууд Chart

Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ

2019-10-31 12:11:34

Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 250 дурсгалт газрууд өрсөлдсөнөөс Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр зарлалаа.

Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрууд уг хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express болон Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларыг санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэх аж.

“Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019 онд Чойжин ламын сүм музейн барилгын нөхцөл байдлын судалгааг хийж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм байна.

Энэ хүчин чармайлтыг дэмжиж тус сангаас Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчирч, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа болон олон улсын хамтын ажиллагааг хоёр жилийн турш явуулах болжээ.

Чойжин ламын сүм музей Ямпай буюу Халх хаалга, Махаранз сүм, Хүндэтгэлийн хаалга, Гол сүм буюу Өршөөлийг хөгжүүлэгч сүм, Занхан сүм, Зуу сүм, Ядам сүм, Өндөр сүм буюу Хотол чуулган тус амгалангийн сүм гэсэн зургаан сүм, таван хүндэтгэлийн хаалгатай. Түүхэн эх сурвалж болох гэрэл зурагт тус музейн зүүн талд нь VIII Богд Жавзандамба, Лувсанхайдав хутагт нарын номын багш Хүрээний Хамба Номун хан Балданчоймболын шарилын сүм буюу гүдингийн сүм хэмээх уран нарийн хийцтэй, хоёр давхар сүм байсан бөгөөд музейн чанх хойно Авга дацан хэмээх салбар дацан байжээ.

Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч ард түмний дунд “Чойжин ламын сүм” хэмээх нэрээрээ дуудагдсаар ирсэн түүхтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ  
Үзсэн: 2472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй