Шууд Chart

Ази тивийн залуучуудын боксын АШТ энэ сарын 10-17-нд болно

2019-11-04 17:14:56

Азийн боксын холбоо (ASBC)-той Монголын боксын холбоо хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд энэ сарын 10-17-нд зохион байгуулна.

Тус тэмцээнд эрэгтэй (49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг), эмэгтэй (48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81) тус бүр 10, нийт 20 жинд шилдгүүдээ тодруулах юм.

Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд 30 орчим орны шилдэг залуу боксчин хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.

Монгол Улсаас эх орондоо болох энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй (эр 7, эм 9) нийт 16 тамирчин хүчээ сорино.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар хүчээ сорин тулалдана. Харин охидоос 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар хүч, ур чадвараа сорих юм. Мөн охидын хүнд жин /81, +81 кг/-д хоёр тамирчинг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж.

Тэд 2001-2002 онд төрсөн 17-18 насны тамирчид юм.

Дашрамд сонирхуулахад, Тайванийн Пин-Тун хотноо 1995 онд болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-д Ю.Дима алтан медаль хүртэж, Монголын боксчдоос хамгийн анхны Ази тивийн залуучуудын аварга болсон байна.

Мөн 1998 онд Тайванийн Каошун хотноо болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 63,5 кг-д өрсөлдсөн Г.Баяртогтох алтан медаль хүртсэн юм.

Энэтхэгийн Гоа хотноо 2006 онд болсон тэмцээний 57 кг-д А.Бат-Очир мөнгөн медаль, 60 кг-д Л.Шинэтулга, 69 кг-д Н.Шинэбаяр 69 кг-д хүрэл медаль тус тус хүртжээ.

Филиппин улсын Манила хотноо 2013 онд 64 кг-д О.Батзориг мөнгөн медаль, 60 кг-д О.Норовбал, 69 кг-д Д.Давааням хүрэл медаль тус тус хүртжээ. Харин 2015 онд Тайландын Бангкок хотноо болсон тэмцээнээс Д.Мөнх-Эрдэнэ 49 кг-д, Э.Ууганбаатар 52 кг-д, Д.Мишээлт 56 кг-д тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Хамгийн сүүлд 2017 онд Бангкок хотноо болсон тэмцээнээс 52 кг-д Б.Буяндалай хүрэл медалийн эзэн болж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ази тивийн залуучуудын боксын АШТ энэ сарын 10-17-нд болно  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй