Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2019-11-16 09:19:20

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч эрс чангарч халтиргаа гулгаа үүсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.  Оройдоо хүйтний эрч чангарна.

2019 оны 11 дүгээр сарын 17-наас 11 дүгээр сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй