![](/uploads/201307/news/thumb/a4dcbc97d64e57c919a6e60d143b84ce_x3.jpg)
Аль ч улсын Төрийн тэргүүнүүдийн бүрэн эрх “төрийн тэргүүний тангараг” өргөснөөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг. Улс орон бүрт шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тогтсон уламжлалт хэв маяг, нарийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулагддаг байна.
Монгол улс
Монгол улсын үндсэн хуульд заасан ёсоор бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, дараагийн ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болдог.
УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үндсэн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор шинэ ерөнхийлөгч тангараг өргөх ёстой. Тангараг өргөхдөө Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавиад “ МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмний эрх чөлөө, үндсэн хуулийн эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэсэн 27 үгтэй тангаргийг цээжээр дуудан хэлээд тангарагт гарын үсгээ зурдаг. Дараа нь төрийн далбааны дэргэд очиж зүүн өвдгөөрөө сөгдөн адис авна. Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ Ерөнхийлөгчид төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж хүндэтгэлтэйгээр өргөн барьдаг дэгтэй байна.
Өмнөх тангараг өргөх ёслолууд төрийн ордны Их танхимд болж байсан бол энэ удаагийн тангараг өргөх ёслол анх удаа олон түмний нүдэн дээр болж байгаагаараа онцлог юм.
Америкийн нэгдсэн улс
АНУ- ын ерөнхийлөгч тангараг өргөхдөө Библи дээр нэг гараа тавин Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлийн Хоёрдугаар заалт дахь тангарагийн нийт 35 үгтэй “АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэн бүхий л хүчин чадлаараа Америкийн Нэгдсэн улсын Үндсэн хуулийг дэмжин хамгаалж, сахих болно гэдгээ баяр ёслолтойгоор тангараглая” хэмээх үгийг хэлдэг байна.
Мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэдэн сая хүний өмнө болдгоороо онцлог юм.
Сонирхуулж хэлэхэд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Брак Обамагийн хувьд хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон ч дөрвөн удаа тангараг өргөсөн сонирхолтой хүн болсон байна. Учир нь 2008 онд анх тангарагийнхаа сүүлийн үгийг дутуу хэлснээс болж дахин тангараг өргөсөн удаатай. Харин хоёр дахь удаагаа сонгогдохдоо тус улсын Үндсэн хуульд заасан тангарагийн өдөр нь ням гарагт тохиосон тул ням гарагт гэр бүл, албаны хүмүүстэй хамт хувийн тангараг өргөсөн байна. Тэрбээр даваа гарагт ард иргэдийнхээ өмнө дөрөв дэх удаагаа тангараг өргөн сонирхолтой тохиолдлын эзнээр тодорчээ.
Ерөнхийлөгч нь ямар библи дээр гараа тавьж тангараг өргөхийг хуулинд заагаагүй байдаг гэсэн шалтгаанаар Б.Обама өөрийнхөө хувь хүний итгэл үнэмшлээр асуудалд хандан тангараг өргөхдөө ерөнхийлөгч асан Аврам Линкольн болон хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг нарын библи судар дээр гараа тавин тангаргалсан юм.
Оросын холбоот улс
ОХУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Оросын улс төрийн дээд албан тушаалтнууд болон гадаадын зочид төлөөлөгчид оролцуулан Кремлийн ордонд болдог байна.
Тангарагийн үгээ хэлэхдээ ОХУ-ын үндсэн хуулийн эх дээр гараа тавин “ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүний эрх, эрх чөлөө хүндэтгэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, ард түмэндээ үнэнч шударгаар зүтгэхээ амлаж байна” хэмээн тангарладаг аж.
Өнгөрсөн жилийн В.Путины тангараг өргөх ёслолд Парламентын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон ойролцоогоор 3000 орчим зочид, төлөөлөгчид оролцсон гэсэн мэдээлэл бий.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тангараг өргөхөөр тусгай хамгаалалтын дор лимузинээр Кремлийн ордонд зочилсон бөгөөд 2000-2008 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан В.Путин ийнхүү Кремлийн ордонд тангараг өргөхөөр улаан хивсэн дээгүүр гурав дахь удаагаа алхсан юм.
Улс орны төрийн тэргүүнүүд хэрхэн тангарагаа өргөдөг вэ? | ||
Үзсэн: 3439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.