
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ: Тайланд улсын Паттая хотноо болсон ДАШТ-ээс манай тамирчин ОУХМ М.Анхцэцэг 81 кг-д огцом өргөлтөөр 110 кг өргөн, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоолоо. Тэрбээр энэхүү рекордыг зүгээр ч нэг шинэчлэн тогтоосонгүйгээр үл барам энгэртээ Дэлхийн аваргын хоёрдахь хүрэл медаль зүүх болзол хангаж, Алтан соёмбот далбаагаа мандуулах эрхтэй боллоо.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 5 тамирчин ДАШТ-д хүч чадлаа сорин оролцсоноос хоёрдахь хүрэл медалиа ийнхүү өөрийн болгож чаджээ.
“Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 81 кг-д огцом өргөлтөөр 110 кг өргөн, Монгол Улсын дээд амжилт шинэчилэн тогтоосон ба түлхэлттэй өргөлтөөр 127 кг өргөсөн нь мөн л дээд амжилт болон бүртгэгдэв. М.Анхцэцэг ингэснээр нэг дор Монгол улсынхаа гурван дээд амжилт тогтоолоо.
Дэлхийн хэмжээнд өөрийгөө ямархуу тамирчин бэ? гэдгийг угаасаа мэдрүүлсэн М.Анхцэцэгийн хувьд ХҮРЭЛ медаль авсан нь гайхаад байх зүйл биш. Харин төрөөд удаагүй, нялх биетэй, бэлтгэл сургуулилт бага хийсэн мөртлөө ХҮРЭЛ медаль хүртэж чадсан нь спорт сонирхогчдыг бишрүүлсэн. Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Нинбо хотноо болсон Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом болон түлхэлттэй өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн тэрбээр ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж тэндээсээ АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж бахдам амжилт гаргасан. Энэ нь Монгол эмэгтэй хүний бяр чадал, тэсвэр тэвчээрийг харуулсан бахдам үйл хэрэг болсон билээ. Одоо Анхааг арванхоёрдугаар сард зохион байгуулагдах “Тяньжинийн цом”, “Катарын цом” гээд дэлхийн хоёр том тэмцээн хүлээж байна. Мөн ирэх оны 4дөрөвдүгээр сар хүртэл олимпийн эрхийн оноо цуглуулах таваас зургаан тэмцээн хүлээж байгаа. Ирэх жил болох Токиогийн олимпоос “Алтан охин” Анхаа маань Монголын хүндийн өргөлтийн түүхэнд шинэ түүх эхлүүлж, бахдам амжилт гаргах болтугай.
Оны онцлох тамирчин: Мөнхжанцангийн Анхцэцэг | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.