
Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-наас арванхоёрдугаар сарын 8-ны хооронд болж, шилдгүүдээ тодруулав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас МВХ-той хамтран зохион байгуулсан Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74, нийт 156 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй багуудаас Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МегаСтарс" баг анх удаа Дээд лигт түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд болсон байна.
Энэхүү 45 хоног үргэлжилсэн дээд лигийн мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулагчтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "Ховд Алтайн барс Хилчин" баг шалгарч Дээд лигийн анхны медалиа хүртсэн бол хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, найман сая төгрөгөөр шагнуулав.
Эмэгтэй багуудаас лигийн алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт тав дахь удаагаа аваргын төлөө шалгарч, гурав дахь аваргын цомоо хүртсэн юм.
Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Л.Хосбаяр ахлагчтай "Хобби-Эйс" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангаж, хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "Тэнүүн-Огоо" баг тодорлоо.
Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн болов. Үндэсний дээд лиг нь долоон жил завсарласан бөгөөд волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзэгч олондоо хүргэсэн юм.
"МегаСтарс", "Энагурэ" багууд дээд лигийг тэргүүллээ | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.