Шууд Chart

Спортын оны онцлох 10 үйл явдал

2019-12-23 12:57:41

2020 он тун удахгүй гарах гэж байгаа энэ үед салбар бүр өөр өөрсдийн амжилт ололт, алдаа дутагдлаа дүгнэдэг. Бид Монголын спортын түүхэнд 2019 онд өрнөсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.  

  1. Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга болов

Монголын тулаанчдаас мэргэжлийн боксын рингэнд хамгийн амжилттай тулалдаж буй тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий болон олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт юм.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 үеийн турш тулалдаж, ялалт байгуулсан билээ. Ийнхүү IBO холбооны аварга цол, бүсийг эзэмших эрхтэй болсон. Мөн боксын рингэн дэх 11 тулаанд ялалт байгуулсан. Тэрбээр дараагийн тулаанаа ирэх оны хоёрдугаар сарын 8-нд WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж буй АНУ-ын тамирчин 30 настай Гарри Расельтай хийнэ.

  1. Монголын уралдаанчид "Дакар Ралли"-д оролцож, түүхэн амжилт үзүүлэв 

Авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли-2019” уралдаан Перу улсад энэ оны нэгдүгээр сард болсон билээ. 

41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөн. Манай улсаас автомашины sxs ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар сүүлийн гарааг амжилттай дуусгаж, барианд орж чадсан юм. “Дакар Ралли-2019” уралдаанд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ах дүү мастерууд барианд орсон нь түүхэн амжилт байлаа.

413 дугаартай “Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны монголчууд болж чадав.  

  1. Гавьяат тамирчин П.Орхоны эрхийг дөрвөн жилээр хаслаа 

Монголын спортын түүхэнд урьд хожид болж байгаагүй харамсалтай үйл явдал тохиолдсон нь чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон эрхээ хасуулсан явдал юм.  

Тэрбээр 2018 оны наймдугаар сард Индонез улсад болсон Азийн зуны спортын XVIII наадамд түрүүлсэн. Гэвч тус наадмын дараа сэргээшийн шинжилгээгээр түүнээс  хориoтой бодис илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо түүний асуудлыг удтал хэлэлцсэний эцэст дөрвөн жил барилдах эрхээ хасуулав. Ингэснээр тэрбээр 2022 оны есдүгээр сараас дэвжээнд дахин гарах юм.

  1. Монголд анх удаа багийн спортын ДАШТ боллоо 

Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн тамирчид гайхалтай амжилтуудыг ар араасаа үзүүлсээр байна. Тэдний нэгэн жишээ нь анх удаа багийн спортын ДАШТ-ийг Монголдоо зохион байгуулсан явдал юм. Тодруулбал, 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Монголд болж, манай баг тамирчид шилдэг наймд шалгаран, түүхэн амжилт үзүүлсэн юм. Энэхүү тэмцээнд АНУ-ын баг түрүүлсэн. Тэгвэл манай залуус "С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч наймд үлдсэн юм. Хагас шигшээд тоглох эрхийн төлөөх тоглолтод мөнгөн медалийн эзэн, Туркийн шигшээ багт 21:18-аар тун харамсалтай хожигдсон билээ.  

  1. Хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглолоо

Багийн спорттой холбоотой өөр нэг түүхэн амжилтыг хөлбөмбөгийн шигшээ багийн залуус үзүүлсэн. Тодруулбал, манай хөлбөмбөгчид ДАШТ-ий эхний давааг амжилттай давж, урьдчилсан шатанд өрсөлдөв. Энэхүү урьдчилсан шатанд тоглох эрх авахын төлөө Брунейн шигшээтэй тулсан юм. Эхний тоглолт өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарт болоход манай шигшээ өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан. Харин хариу тоглолтод Брунейн шигшээ багт талбайд нь 2:1-ээр хожигдсон. Гэвч нийлбэр дүнгээр 3:2-оор Монголын шигшээ баг хожиж, түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан. Манай баг урьдчилсан шатны F хэсэгт Япон, Тажикстан, Киргиз, Мьянмарын шигшээтэй багтаад байгаа.  Улмаар хэсэгтээ 5 тоглолт хийж, нэг хожиж, 4 хожигдож, хэсэгтээ хамгийн сүүлийн байрт бичигдэж байгаа билээ. Одоо манай баг ирэх онд Тажикстан болон Киргизийн талбайд зочилж тоглоно. Мөн Японы шигшээг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдөр талбайдаа хүлээж авах юм.  

  1. Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга болов 

Пара пауэрлифтингийн ДАШТ Казахстаны Нурсултан хотод  энэ оны долоодугаар сард болсон билээ. Үүнд эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн. Түүгээр ч зогсохгүй 244 кг гэсэн дэлхийн рекорд амжилтыг 247 кг болгон ахиулав. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд 240 кг, 235 кг-аар медалийн болзол хангасан юм. Энэ жинд нийт Иран, ОХУ, Мексик, Гүрж, АНУ, Азербайжан, Бразил, Япон, БНСУ, Польш зэрэг 22 орны тамирчин өрсөлдөхөд манай тамирчин алтан медаль хүртэж, шилдгээ баталсан юм.  

  1. Төрийн наадмын түрүү бөхөөс сэргээш илрэв 

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын арслан Э.Оюунболдоос сэргээш илэрсэн гэх дүгнэлт одоог хүртэл хоёр тийш болоогүй байна. Э.Оюунболд “Би хэрэглээгүй” гэсэн ч холбогдох албаны хүмүүс “Илэрсэн нь тогтоогдлоо” гэж мэдээлсэн. Ямартай ч өмнө нь начин, заан, гарьд цолтой бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн ч наадмын түрүү бөхөөс сэргээш илэрсэн тохиолдол анх удаагийнх юм. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр хэрхэн гарахыг бөх сонирхогчид хүлээсээр байна. 

  1. Жүдод өрнөсөн шинэчлэл 

Жүдо бөхийн ДАШТ Японы Токио хотноо болж, манай тамирчдаас Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаараа хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл үүний дараа буюу өнгөрсөн есдүгээр сарын эхээр жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчийн алба хариуцлагаа хүлээж, өөрсдийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Түүний дараа жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатар томилогдож, ажиллаж байна. Түүний удирдлага дор манай жүдочид гурван ч том тэмцээнд оролцлоо. Хамгийн сүүлд дэлхийн мастеруудын тэмцээнээс манай тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

Мөн Монголын жүдод цус сэлбэж, өрсөлдөөн нэмсэн нэгэн үйл явдал бол 81 кг жингийн Ираны шилдэг бөх Саид Моллаеи манай улсын иргэн болсон явдал байв.

  1. Хакүхо М.Даваажаргал 43 дахь түрүүгээ хүртэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Кюүшюү башёд ес дэх түрүүгээ авч, дээд зиндаанд нийт 43 дахь ялалтаа байгуулсан юм. Тэгснээр түүний түрүү Монгол бөхчүүдийн хувьд 86 дахь түрүүгээ хүртсэн явдал болсон. Мөн тэрбээр энэ жил иргэншлээ солин, Японы иргэн болсноосоо хойш анхны башёдоо түрүүлж байгаа нь энэ билээ.

Өмнөх башёг бэртлийн улмаас өнжсөн М.Даваажаргал энэ жил хоёр дахиа түрүүлсэн юм. 

10. Монголын сагсчид анх удаа олимпийн наадамд оролцоно 

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид бахдам амжилт үзүүлж, 2020 оны олимпийн наадамд оролцох эрхээ авав. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпийн эрх авсан орнуудыг зарлахад манай улсын эмэгтэй сагсчид “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо гэсэн мэдээгээ элэг нэгтнүүдтэйгээ сонсов. Ийнхүү Монголын багийн спортын түүхэнд олимпийн эрхийг анх удаа авсан юм. Монголын шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтдаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын оны онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй