Шууд Chart

Монгол залуус сансрын хиймэл дагуул бүтээнэ

2014-03-20 02:48:27

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

“Сансар дахь бидний мөрөөдөл” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сансрын хиймэл дагуул бүтээх хамгийн сүүлийн үеийн Plug and Play /PnP/ технологид түшиглэсэн сургалт, судалгааны үйл ажиллагаанд Монголын өсвөр үе, оюутан залуусыг хамруулах зорилготой ажээ.
 
Тус төслийг хэрэгжүүлснээр манай улс монгол залуусын оюун ухаан, гар бие оролцон бүтээсэн PnP технологийн гурван ширхэг сансрын хиймэл дагуултай болох юм байна. Төслийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй сурагч, оюутнуудыг сонгон шалгаруулах бүртгэл явагдаж эхэлсэн ба гол шалгуур нь чөлөөт сэтгэлгээ байх аж.
 
Төсөлд оролцсон залуусын бүтээсэн сансрын хиймэл дагуулыг хөөргөж чадвал хүүхдүүд дараа нь газар дээрээс тэдгээр хиймэл дагуултай холбогдох, мэдээллээ дамжуулах арга ухаанд суралцах зэргээр төслийн үр өгөөж үргэлжилсээр байна гэдгийг төлөөлөгчид хэллээ.
 
Одоогоор зөвхөн АНУ-ын ахлах сургуулийн хүүхдүүд PnP технологиор сансрын хиймэл дагуул хийж хөөргөөд байгаа учир “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс сурагч, оюутан залуусаа энэ чиглэлээр сургаж, хөгжүүлж байгаа хоёр дахь орон болох юм байна.

Төслийн нээлтийн ажиллагаа маргааш "Кемпински" зочид буудалд болох бөгөөд сурагч, оюутнуудын дунд явуулах уралдаант сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын нэгнээс долоодугаар сарын 11-ний хооронд явагдах бол хиймэл дагуулуудыг бүтээх ажлыг долоодугаар сард эхлүүлж, 12 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол залуус сансрын хиймэл дагуул бүтээнэ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй