
Он солигдох мөч ойртсоор. Энэ цаг үед салбар бүр өнгөрч буй оныхоо ололт, дутагдлыг цэгнэж, ирээдүйн их амжилтынхаа төлөө тэмүүлдэг. 2019 оны хувьд соёл урлагийн салбар болсон онцлох 10 үйл явдлыг эргэн санацгаая.
1. ОХУ-ын И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд
Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулгынхан өнгөрсөн есдүгээр сарын 3-нд манай улсад айлчлан ирж тоглосон билээ. Нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч Игорь Моисеевийн үүсгэн байгуулсан уг чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америк зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд 1965 онд “Бүжигт хүрэх зам” хөтөлбөрөөрөө Улсын эрдмийн чуулга болж, 1987 онд "Ард түмний найрамдлын одон" хүртжээ.
И.А.Моисеев 70 гаруй жилийн хугацаанд 300 орчим тоглолт найруулсан бөгөөд түүнийг нас барсных нь дараа уг чуулгыг И.А.Моисеевийн нэрэмжит болгосон аж.
2. “Харанга”-ынхан хагас жарны ойгоо тэмдэглэж, бүгд МУГЖ цол хүртэв
Монголын рок попын домог гэж хэлэгдэх "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон. Мөн тэд "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлж, фэнүүддээ маш том бэлэг барьсан юм.
Тус хамтлагийн гишүүд 1977 онд Ардын армид татагдан танилцаж, "Соёмбо" хамтлагт хамт тоглож эхэлжээ. Үүнээс хойш 10 гаруй жил нөхөрлөхдөө 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулсан түүхтэй. Харин 2016 онд "Алдрын од" шагнал хүртсэн хоёр дахь хамтлаг болж, Соёлын төв өргөөний орчимд хүндэтгэлийн самбараа мөнхөд байршуулсан юм. Түүнчлэн "Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардсанаар бүгд энэхүү цол, тэмдгийг энгэртээ зүүгээд байна. Үүгээрээ ч бусад хамтлагаас анхдагч юм.
3. “THE HU” хамтлаг төрийн дээд шагнал хүртлээ
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгийн эзнээр “THE HU” хамтлаг тодров. Энэхүү одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож чадсан эрхэмд хүртээдэг уламжлалтай.
“Чингис хаан” одонг өмнө нь хувь хүнд гардуулдаг байсан бол энэ жил журамд өөрчлөлт оруулж, байгууллагад гардуулдаг болсон. "Хамтлаг бол байгууллага гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарласан учир тэд уг одонг хүртсэн анхны байгууллага болж байна.
Тус хамтлаг тухайн үед Европын орнуудад аялан тоглолттой байсан тул “THE HU” хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог "Чингис хаан" одонг гардсан билээ.
4. “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа "Гиннессийн ном"-д бүртгэгдэв
Ховд аймгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа өнгөрсөн аравдугаар сарын 30-нд “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэв. Уг үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлч нийлсэн 1400 гаруй хөөмийч оролцсон билээ. Түүнчлэн Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн ирсэн байлаа.
Өөрөөр хэлбэл, таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хөөмийч "Хүн хөгжим" болсон Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлсэн юм.
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” уг үйл ажиллагааг тус аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгуулж, Английн нийслэл Лондон хот дахь Гиннессийн амжилтын хорооны шүүгчид бүртгэж авсан нь түүх болон үлдлээ.
5. Хөхүүрийн айраг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Монголчуудын хөхүүрийн айраг исгэх уламжлалт арга технологийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад энэ сарын 11-нд бүртгэв. Судалгааг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Өвөрцарам хэмээх газар өвөлжиж буй Б.Сайнбилэгийнд хийсэн байна.
Албаныхан тэднийд очиж хоёр хоног ажиллахдаа Монголчуудыг гүүгээ хэрхэн барьдгаас эхлээд гүүгээ саах, унага татах, орой бэлчээрт гаргах, унага тамгалах гэх мэт зан үйлийг ч орхигдуулаагүй аж.
Сонирхуулахад, “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв болоод байна. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2018 оны хооронд морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008), Монгол ардын уртын дуу (2008), Монгол наадам (2010), Монгол ардын хөөмэйн урлаг (2010), Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн ) (2010), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), шагайн харваа (2014), ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад Монгол тууль (2009), Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009), Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009), Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011), Монгол уран бичлэг (2013), ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015), уул, овоо тахих зан үйл (2017) тус тус бүртгэгдээд байна.
6. “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам боллоо
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их газрын чулуунд өнгөрсөн наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам болов. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдсон уг наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцсон юм.
Их газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит билээ.
2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай, уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай, уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.
Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөр юм.
7. "Холливүүд Монголд" олон улсын кино наадам Монголд анх удаа болов
"Холливүүд Монголд" олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнгөрсөн тавдугаар сарын 1-7-ны хооронд "Корпорэйт Конвеншн" төвд болов. Наадмын албан ёсны нээлтийн ёслолыг Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт болон Холливүүдээс ирсэн 16 зочны танилцуулгаар эхлүүлсэн билээ. Тус наадамд Монголын кино уран бүтээлчид, жүжигчид, найруулагч, продюсер, зураглаачид оролцсон юм.
Ёслолыг нээж Америкийн хөгжмийн зохиолч Жэймс Хорнерийн бүтээл, “Apocalypto” киноны аялгууг "Уул ус хамтлаг", “Марко Поло” болон “Game of thrones” цувралын хөгжмийн бүтээлүүдийг Д.Түвшинсайхан удирдаачтай Морин хуурын чуулгын уран бүтээлчид толилуулсан юм.
8. Хос мөнгөн луу илрүүлсэн Ази тивийн анхны судлаачид боллоо
Хүннүгийн түүхэнд "Луут" хот гэж нийслэл байсан тухай эртний эх сурвалжийн мэдээ бий. Луу хэдийгээр домгийн амьтан боловч манай эртний Хүн улс лууг нохой биетэйгээр цул мөнгөөр цутган хийж, дэл, далавчийг нь алтаар шарж маш уран нарийн хийсэн байна. Үүнийг АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийг зарлахдаа багтаажээ.
Уг олдвор манай улсын “Улаанбаатар” их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатар профессороор удирдуулсан багийн Гол мод-II гэх газраас олдсон Хүннүгийн язгууртны булшны судалгааны ажил юм.
Тус дурсгал нь нийт 200 гаруй булштай бөгөөд нэгдүгээр булшийг малтаж үзэхэд 30 гаруй дагуул булш илэрсэн аж. Булшнаас эртний Хүннүгийн цэрэг эрсийн, аж ахуйн, эд өлгийн зүйлс, эртний Ромын шилэн аяга, 18 ширхэг сүйх тэрэг, хаш чимэглэлт илд, мөнгөн лууны баримал гэх мэт маш олон олдвор олджээ.
9. Дуурийн дуучин Ч.Бадрал "Айтилина Адамова"-гийн нэрэмжит олон улсын уралдааны гран при шагнал хүртэв
ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал ОХУ-ын Якутск хотод болсон "Айтилина Адамова"-гийн нэрэмжит олон улсын уралдаанаас эх орондоо гран при шагнал авч ирэв. Айтилина Саввична Адамова Афанасьева нь “Хойд нутгийн Кармен” хэмээн алдаршсан, Якутаас анх удаа П.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн дуучин юм.
Ч.Бадрал нь 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлж байв.
Мөн энэ жил “Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019” уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлчийн шатанд шалгарсан билээ.
10. “Гэр” театр байгууллаа
Нийслэл хотод буюу “Скай ресорт”-д “Гэр” театр бий болсон нь ялангуяа урлагт элэгтэй хүмүүсийн баяслыг төрүүлэв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд нээлтээ хийсэн уг театр нь гурван давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй Монгол гэр хэлбэртэй юм.
Мөн өвөрмөц донж маяг бүхий дотоод зохион байгуулалттай, гэрэл техникийн шийдэл сайтайгаараа онцлог харагдана. Үүнийг МУГЖ, бүжиг дэглээч Д.Энх-Гэрэлийн нөхөр Д.Болор-Эрдэнэ ханьдаа зориулж бүтээсэн байна.
“Гэр” театрын диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр бөгөөд нийт 720 м.кв талбайтай аж. Мөн орчин үеийн шинэлэг шийдэл бүхий 300 хүний суудалтай, тайзны урт нь 17, өргөн нь есөн метр юм байна.
Монголын соёл урлагийн салбарт 2019 онд болсон онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 2926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.