Шууд Chart

Ч.Бадрал их ажил амжуулжээ

2019-12-25 12:29:32

Дэлхийн дуурийн урлагийн онцлох цэгүүдийн нэг Санкт-Петербургийн Мариинский театр дуурийн гоцлооч, баритон Ч.Бадралтай 2020-2021 онд хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр дуучин тус театрын урилгаар ажиллах гоцлол дуучин болов.

ЦДБЧ-аараа овоглож, Монголоороо дуудуулан орон гүрнүүдийн дуурийн урлагийнхантай мөр зэрэгцэн ажиллаж яваа тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд Мариинский театрт Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермоны дүрд тоглосон байна.  Мэдээлэл авахаар театрын вэб сайтаар зочилбол үзэгчид энэ тоглолтын талаар сэтгэгдлээ харамгүй үлдээхдээ “Хөгжимлөг, боловсрол өндөртэй залуу баритон юм” гэхчилэн магтсан байх аж.

Улиран одож буй онд түүнийг нам жимхэн байна уу даа гэж харж байлаа. Гэтэл төдийлөн мэдээлээгүй болохоос их амжуулжээ. Өнгөрсөн есдүгээр сард Итали улсын Верона хотын алдарт “Арена” задгай театрт “Аида” дуурийн Амонасрогийн дүр бүтээж, тус улсын Палермо хотын “Массимо” театрт “Травиата”-гийн Жермонд, Бари хотын “Петруццелли” театрт “Тосгоны алдар” дуурийн Алфиод ч дуулсан байх юм.

Монголынхоо ЦДБЧ-ын босгыг 2010 онд алхаж, дуучнаар ажиллаж эхэлсэн тэрбээр эрдэм ном, уран бүтээлийн аянд алсыг зорин гарснаар есэн жилийн дараа дуурийн урлагийн домог театр “Ла Скала”-гийн уран бүтээлч болсон байв. Гэхдээ Ч.Бадрал зөвхөн энэ театраар ажлаа хязгаарлалгүй, Европын бусад орны театруудад ч дуулж байгаа юм байна.  Тухайлбал, ирэх оны арваннэгдүгээр сард Берлиний “Дойче опера”-д Ж.Вердийн “Набукко” дуурийн Набуккод дуулах нь ээ.

Мариинский театрын зүгээс түүнд ирэх оны нэгдүгээр сарын 5-нд дахин “Травиата”-д дуулахыг санал болгон, улмаар хуваарьт тусгасан байсан ч Итали дахь ажил нь давхцаж буй тул арга буюу цуцлахад хүрчээ. Харин ирэх оны тавдугаар сарын 10-нд Ж.Вердийн “Аида”-д Амонасрогийи дүрд дуулах болсон байна. Дуучны уран бүтээлийн төлөвлөгөөг харахад ирэх оны хоёрдугаар хагаст тун завгүй байх нь.

Ч.Бадрал Италийн “Италиан лирика артист менежмент” агентлагтай хамтран ажилладаг аж.

Монголын маань энэ цагийн хүчирхэг баритонуудын нэг, олон улсын олон ч уралдааны тэргүүн шагналт Ч.Бадралдаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.

Р.Оюунжаргал

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Бадрал их ажил амжуулжээ  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-18 01:43
Супер шүү дүү минь. Хөдөлмөр хүнийг юманд хүргэдэгийн тод жишээ...!!! Залуу гэлтгүй төр түмэн урам хайрлах цаг нь болж ээ!!!

Бидэнтэй нэгдээрэй