Залуу дуучин А.Бямбацогт, Г.Саранзаяа нартай уулзаж, шинэ уран бүтээлийнх нь талаар болон цаашдын зорилгынх нь тухай ярилцав.
Хэдийгээр өнөөдөр хуруу дарам цөөхөн бүтээлтэй байгаа ч ирээдүйд хүн бүхний танил болсон тоолоод ч барамгүй урын сантай болсон байх биз дээ. Тийм эрч хүч үнэндээ мэдрэгдсэн болохоор ингэж онцлов. Ийнхүү яриандаа орцгооё.
А.Бямбацогт: Одоогоор гэртээ юм авах мөнгөө дуундаа зориулж байна
-Та хоёр СУИС-ийг төгссөн үү?
-Тийм. Бид хоёр Монгол Улсын ардын жүжигчин Ч.Мөнхшүр багшийн шавь. Би 2013, Г.Саранзаяа 2012 онд СУИС-ийг төгссөн. Өнгөрсөн жил бид хоёр “Би чамд хайртай” нэртэй дууг дуулахад зарим хүн “Та хоёр цаашид хамтарч дуулвал яг тохирох юм байна” гэж хэлсэн. Ингээд л бид саяхан “Шинэ жил ирлээ” дуунд хамтарч ажилласан. Гэхдээ энэ дууг Г.Саранзаяа анх ганцаараа дуулсан байсан л даа. Хөгжмийг нь УДБЭТ-ын найруулагч Г.Эрдэнэбаатар, шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир ах бичсэн.
-Бусад уран бүтээлийнхээ талаар яривал ...
-Энэ онд бие даасан 14 дуутай “Сумын бяцхан шуудан” нэртэй цомог гаргасан. Цомгоо нэрлэсэн дууны шүлгийг яруу найрагч Р.Чойном агсан бичсэн байсан. Харин хөгжим нь Б.Ариунаа эгчийнх. Шинэ жилийн дараа бид хоёр энэ дуунд дахин хамтарч бичүүлээд клипний ажилдаа орно.
-СУИС-ийг төгсөөд нэлээн хэдэн жил болж. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Мэргэжлээсээ тэс өөр ажил хийсэн. Аливаа уран бүтээлч өөрийгөө олохын тулд өөр орчинд түр хугацаанд байдаг шиг байгаа юм. Харин одоо бид өөрсдийгөө ямар уран бүтээл хийх ёстой вэ гэдгээ ойлгож, олсон гэж бодож байна.
-10-аад жилийн өмнө дуэт дуучид олноор төрөн гарсан. Одоо зарим нь тус тусдаа уран бүтээлээ хийж байна. Харин дуэт дуучин ховор болсон энэ үед та хоёр тэдний түүчээг залгах нь дээ ...
-Тийм шүү. Гэхдээ бид хоёр яг нийтийн дуучин биш. Страдынх уу гэхээр мөн л биш. Ямар сайндаа бид хоёр зарим хүнд “Шинэ урсгал гаргаж ирж байгаа юм” гэж тоглоом болгон хэлдэг.
-Та хоёр дуунууддаа ямар шалгуурыг хамгийн их тавьдаг вэ?
-Шүлэг, хөгжим хоёрыг бол мэдээж анхаарна. Үүнээс гадна дүрсжүүлэлтэндээ шалгуур өндөртэй ажилладаг. Мөн дуулсан дуу болгондоо клип хийхийг хичээдэг. Үүний зэрэгцээ залуу уран бүтээлчдэд санхүүгийн асуудал маш хүнд байдаг. Аав ээж, ах эгч нар хааяа тусладаг ч байнга нэхээд байх хэцүү. Тиймээс өөрсдөө л болгож байна. Гэртээ юм авах мөнгөө дуундаа зориулдаг. Эцэст нь уран бүтээлээрээ амьдрах сайхан цаг ирнэ байх аа.
-Таны үндсэн нутаг хаанах вэ?
-Би Хэнтий аймагт төрж, Багануур дүүрэгт өссөн. Би дунд сургуульд байхдаа урлаг, уран сайхнаас хөндий, бүрэг хүүхэд байлаа. Хэн нэгэн дуул гэхээр доошоо хараад таг дуугүй зогсчихдог байсан юм. Харин төгсөх жилээ тэмцээнүүдэд оролцож, дуунд дуртай болсон. Манай ээжийн ах Хэнтий аймгийн чуулгад дуучнаар ажилладаг байсан гэсэн. Тэр хүний авьяас надад бага ч гэсэн оногдсон болов уу. Мөн би “Номин талст” хамтлагийн дууг сонсох дуртай.
Г.Саранзаяа: Он гарангуут хамтарсан цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа
-Таны удамд дуулдаг хүн байдаг уу?
-Би хотод төрж, өссөн ч аав Говь-Алтай аймгийн Бигэр сумын гаралтай болохоор энэ нутгаар овоглож явдаг. Манай гэр бүлд мэргэжлийн дуучин байхгүй ч ээж маань их сайхан дуулдаг хүн байдаг. “Жаахан дэмжих хүнтэй байсан бол дуучин болох байсан” ч гэж ярьдаг. Гэхдээ би өөрөөрөө ээжийнхээ тэр хүслийг биелүүлсэн гэж боддог. Би оюутан байхдаа “Монголжин” нэртэй хамтлагтай байлаа. Ангийнхаа гурван охинтой хамтарч байгуулсан юм. Сонирхолтой нь хоёр нь Өвөр Монгол, хоёр нь Ар Монголынх.
-Хэр их уран бүтээл хийсэн бэ?
-Таван дуу бүтээснийхээ гурвыг нь клипжүүлсэн. Харин одоо Өвөр Монголын хоёр гишүүн маань нутаг руугаа буцсан.
-Та хоёр ер нь яагаад хамтарч дуулах болсон юм бэ?
-Ч.Мөнхшүр багш маань хэдэн жилийн өмнө бие даасан тоглолтоо хийж, шавь нараа оролцуулсан юм. Тэгэхдээ бид хоёрыг нэг дуу хамтарч дуулах санал тавьж, дуулуулсан. Тэр үеэс хойш бид хоёр дуэт дуу хийвэл болох юм байна гэсэн санал гарсан. Түүнээс өмнө бид хоёр хэн хэндээ ийм санал тавьж амжаагүй байлаа. “Морин хуур-2018” наадамд ч Дорнод аймгийн хөгжмийн зохиолчийн бүтээлийг хамтарч дуулаад оролцсон.
-Одоо та хоёрын хамгийн эхний ажил юу байна вэ?
-Он гарангуут хамтарсан цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь тоглолтын ажил эхлэх болов уу гэсэн том зорилготой л явна даа. Зарим хөгжмийн зохиолч, яруу найрагчаас хамтарч ажиллах санал их ирж байна. Шинэ жилийн захиалга ч ихтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Дуучин А.Бямбацогт, Г.Саранзаяа: Бид дууныхаа дүрсжүүлэлтэнд маш их анхаардаг | ||
Үзсэн: 2201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.