Шууд Chart

Оны онцлох таван бүтэлгүйтэл

2019-12-30 15:39:28

Шинэ он гарахад хоёрхон хоног үлдлээ. Харин манай сайт Монголд болсон оны онцлох таван бүтэлгүйтлийг нэрлэсэн юм. Үүнийг уншигч танаа хүргэе. 

1. Сахилгагүй сарлаг

 

Бурханы шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам өнгөрсөн долоодугаар сард Баянхонгор аймагт болсон билээ.

Ламын гэгээний ойг тэмдэглэх баяр наадамд нутгийн ард түмнээс гадна хүндтэй зочид цуглараад байв. “Таван түмэн сарлаг” баяр наадмыг зохион байгуулж хол, ойрын зочдын хөлд дарагдаж байдаг Баянхонгорчуудын энэ удаагийн Даншиг наадмын нээлт анхаарал татаж байлаа. 

Учир нь наадмын үеэр "сахилгагүй" сарлаг талбайд нэлээн үймээн дэгдээсэн нь 2019 оны онцлох бүтэлгүйтлээр нэрлэгдэж байна. Сарлаг наадмын талбай дахь наадамчин олныг мөргөхийг нь мөргөж, дайрахыг нь дайрч, хөөхийг нь хөөсөн юм.

 

2. Төрийн наадмын түрүү бөхөөс допинг илрэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допингийн хэрэглэсэн нь илэрч, төрийн наадмын түрүү бөх ийм гутамшигт байдалд орж байгаа нь анхны тохиолдол боллоо.

Улсын наадамд шөвгөрсөн 16 бөх жил бүр сэргээшийн шинжилгээ өгч, БНСУ-ын лабораторид илгээдэг билээ. Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон

 - S1.1A бүлгийн Станазол, 

- S4 бүлгийн мелдониум,

-S5 бүлгийн гидрохлортиазид, 

-Хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байв.

3. Цэцийн дарга Д.Одбаярын "дүрсгүйтэл"

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн өгзгийг илж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх жигтэй мэдээ Солонгосын хэвлэл мэдээллээр цацагдсан даруйд бараг л дэлхий даяар хуурай өвсөнд ассан түймэр адил маш хурдтай тархсан.

Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Улаанбаатараас Инчеон руу нисэх үедээ тэрхүү бусармаг үйлдлээ гаргасан юм. Түүнийг Монголд ирсний дараа асуудал улам бүдгэрсэн билээ.

4. Айраг хулгайлсан баавгай

 

ОХУ-тай хил залган оршдог Сэлэнгэ, Хэнтий аймагт хөвчийн хүрэн баавгай олноор орж ирж, айл амьтан "үймүүлээд" байгаа тухай мэдээлэл олон гарсан. Хэд хэдэн эмгэнэлт хэрэг ч дуулсан нь харамсалтай. Гэхдээ хамгийн хачирхалтай гэмээр үйлдэл бол баавгай Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд намаржиж буй иргэн Б-гийн гадаах амбаарт байсан 120 литрийн савтай айргийг нь тэврэн, 100 орчим метр газарт аваачиж уусан нь тогтоогдсон юм.

Мөн айргийг нь авч явахаасаа өмнө уг амбаарт байсан хөргөгч, сандал, ширээ зэрэг цахилгаан болон бусад эд хэрэгслийг нь эвдэж, тахианы байрыг нь хүртэл сүйтгээд явжээ. 

5. Соёлыг түгээгч эмэгтэй

Өнгөрсөн есдүгээр сард нэгэн эмэгтэй машиндаа сууж байхдаа live хийж, сэтгэгдлээ хуваалцахдаа төгсгөлийн хэсгээ арай л буруу илэрхийлчихсэн. Уг нь тэрбээр соёлыг түгээх гэж, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхийн тулд тэрхүү бичлэгээ эхлүүлсэн нь мэдээж.

Гэвч машиных нь араас үл таних жолооч мөргөсөнд бухимдахдаа өөрийнхөө мэддэг хамгийн муухай үгээ хэлчих шиг болсон. Түүний энэ үйлдэл  цахимаар тархаж, олон хүнд “инээд” бэлэглэсэн билээ.    

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оны онцлох таван бүтэлгүйтэл  
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй