
Казахстан Улсын нэгэн хүү сургуулийнхаа шинэ жилийн баяраар цагдаа хувцас өмсөж ирсэн нь хүрэлцэн ирсэн бүх хүнд таалагджээ. Бүр жинхэнэ цагдаа нар хүртэл түүнд баярласан байна. Одоо цагт цэцэрлэгийн өдөрлөгт Бэтмэн, Хүн аалз зэрэг киноны баатрыг олноор нь харж болно.
Харин тийм хувцастай хүүхдүүд дундаас цагдаа хувцастай Нурислам Нурханулы хэмээх Казахстан хүү бусдаасаа ялгарч олон хүний хайрыг татсан байна. Энэ бол ямар нэг мөрдөс, цагдаа малгай төдий зүйл биш бөгөөд Нурислам жинхэнэ цагдаа болж, хүмүүст туслаж, гэмт хэрэгтнээс хамгаалах хүсэлтэй гэдгээ ярьжээ.
Цагдаа хувцастай ирсэн хүүгийн хувцас бүх хүнд таалагдсан төдийгүй жинхэнэ цагдаа нар ч түүнд баярлаж талархжээ. Хүүхэлдэйн киноны ямар нэгэн супер баатрын хувцасны оронд Нурислам хүү цагдаагийн хувцас, малгай өмсөхийг илүүд үзсэн юм.
Нурисламын аавын хэлснээр энэ хүү жинхэнэ цагдаа болох хүсэлтэй гэнэ. Одоо зургаан настай энэ хүү нэгдүгээр ангид сурдаг бөгөөд урьд өмнө бас хэд хэдэн удаа цагдаа хувцсаа өмсөж байсан тухай түүний аав нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний хүү гурав дахь жилдээ дараалан цагдаагийн хувцас сонгож байгаа юм. Өмнө нь цэцэрлэгт байхдаа хоёр удаа, сургуульд ороод бас нэг удаа өмсөж байгаа нь энэ. Энэ бол зөвхөн түүний хүсэл. Харин бид хүслийг нь биелүүлэхэд тусладаг төдий. Цагдаагийн тухай хүүхэлдэйн кино, уран сайхны кино байнга үздэг. Цагдаа нар шиг энгийн хүмүүст туслах хүсэлтэй” гэжээ.
Аавынх нь ярьснаар бол одоо бүр жинхнээсээ цагдаа болох бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ. Тэрбээр цааш ярихдаа “Хүү маань жилийн дараа долоон нас хүрнэ. Гэсэн ч тэр одооноос эхлэн замын хөдөлгөөн зохицуулах хөдөлгөөнүүдийг хийж сурч байгаа бөгөөд хэн, хаана, яаж машинаа зогсоох, хэзээ явах зэргийг жолооч нарт заах зэргээр хүмүүст тус болоод эхэлсэн. Хаанаас түүнд ийм хүсэл бий болж байгааг үнэндээ мэдэхгүй юм. Түүнд энэ бүхнийг хэлж өгөөд байгаа хүн уг нь байхгүй л дээ” гэсэн байна.
Нурислам хүү цагдаагийн шуурхай удирдах төв, цагдаагийн музей зэрэг газарт уригдан очжээ.
Мөн эргүүлийн машин ямар байдгийг бодит байдал дээр түүнд үзүүлж харуулсан байна.
Энэ хүүгийн талаар Алмата хотын цагдаагийн газар олж мэдээд түүнийг зочноор урьсан байна.
Мэдээж бэлэггүй юм гэж юу байх вэ. Хүүд унадаг дугуй бэлэглэжээ.
Хүүгийн цагдаа болох хүслийг дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаев дэмжээд “Хүндэт Нурислам. Чи бол зоригтой, сайхан сэтгэлтэй, шийдэмгий хүү байна. Чи хүмүүст тусалж, гэмт хэргээс хамгаалах хүсэлтэй байгаад чинь би баяртай байгаа бөгөөд чиний энэ хүсэл бол сайхан зүйл юм. Улс оронд маань ийм л эх оронч хүмүүс хэрэгтэй. Чамд эрүүл энх, сурлагын өндөр амжилт хүсэе. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд түүнийгээ хайрлаж, шантрахгүй байж чадвал чи заавал баатар болох болно шүү” гэсэн байна.
Нурислам хүү том болоод хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт итгэж байна.
Цагдаа болох хүсэлтэй Нурислам хүү одооноос жинхнээсээ цагдаа болох бэлтгэлээ базааж эхэлжээ | ||
Үзсэн: 3259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.