АНУ дрон ашиглан Ираны хоёр дахь нөлөө бүхий удирдагч, генерал Касим Солейманийн амь насанд халдсан үйл явдал дэлхий дахины анхаарлын төвд байгаа. Ираны зүгээс АНУ-ын энэ үйлдлийн эсрэг хатуу хариу арга хэмжээг авна гэж мэдэгдсэн. Тэгвэл Ирак дахь Америкийн нисэх хүчний баазууд халдлагад өртсөн байна.
АНУ-ын Батлан Хамгаалахын Яамнаас Ирак дахь Америкийн цэргүүдийн байрлаж байгаа хоёр бааз баллистик пуужингийн халдлагад өртсөн байна. Иракийн суурьшсан Курдистан бүсийн хамгийн олон мянган оршин суугчтай Эрбиль хотод Америкийн нисэх хүчний бааз байрладаг. Үүнээс гадан Иракийн баруун зүгийн Анбар мужид Америкийн цэргүүдийн байрлаж байгаа Аль-Асад агаарын хүчний бааз байдаг юм байна. Тэгвэл дээрх хоёр агаарын зэвсэгт хүчний баазууд олон арван пуужингийн халдлагад өртсөн хэдий ч одоогоор армийн албан хаагчид амь насаа алдсан талаарх мэдээлэл гараагүй байгаа юм.
Ираны төрийн телевиз ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар генерал Касим Солейманийг хөнөөсөний хариу арга хэмжээг ийнхүү авч байгаа талаар мэдээлсэн байна. Өнгөрсөн баасан гарагт Иракийн Багдад хотод зорчиж байсан Ираны генерал Касим Солейманы Америкийн дронын халдлагад өртөж амиа алдсан юм. Ираны Хувьсгалт Гвардын зүгээс Америкийн цэргүүдийг байрлуулж байгаа ямар бүс нутаг халдлагын бай болох эрсдэлтэй гэдгийг анхааруулж, Америкийн холбоотнуудад сэрэмжлүүлэг өгчээ. Генерал Солеймани амиа алдсан явдалтай холбоотойгоор Иранд гурван өдрийн бүх нийтийн гашуудал зарласан юм. Түүнийг оршуулах ёслол өндөрлөөд удаагүй Ираны зүгээс Ирак дахь Америкийн цэргийн баазууд уруу халдаж байна. Эрбилийн нисэх хүчний баазад пуужингийн халдлага болсны дараа удалгүй Аль Асадад ижил үйл явдал тохиожээ. Өнөөдрийн байдлаар АНУ-ын 5000 цэрэг Иракт байрлаж байна.
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп аюулгүй байдлын төдийгүй бусад зөвлөхүүдтэйгээ орой цагаан ордонд уулзалт хийлээ. Уулзалтад Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар оролцсон байна. Мөн дэд ерөнхийлөгч Майк Пенсэ мөн тус уулзалт оролцсон юм. Гэхдээ албаныхна уулзалтаа өндөрлүүлж, цаг ордныг орхиод байгааг Си Эн Эн мэдээллээ. Үүнээс гадна цагаан ордоны албаныхан Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагийн орой буюу одоогоор албан ёсны мэдэгдэл хийхгүй гэдгийг мэдээллээ.
Иракийн Аюулгүйн Албанаас өгсөн мэдээллээр Аль-Анбар мужид байрлах Аль–Ассад агаарын хүчний баазад 13 пуужингаар цохилт өгсөн мэдээлэл гарсан байна. Эрбиль хотын агаарын хүчний баазад хоёр баллистик пуужингаар цохилт өгсөн мэдээлэл мөн Си Эн эн дээр гарсан байна. Агаарын цохилт лхагва гарагийн өглөө болсон байна. Нэг пуужин Эрбиль хотын олон улсын онгоцны буудлын бүс дотор буусан хэдий ч дэлбэрээгүй юм байна. Харин хоёр дахь пуужин Эрбил хотоос баруун зүгт 33 километрийн зайд туссан ч мөн иргэд амь насаараа хохирсон тухай мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм.
Америкийн Холбооны агаарын тээврийн захиргаанаас Ирак, Иран болон Персийн булангийн чиглэлийн иргэний агаарын тээврийн нислэгийг хязгаарлаж байна.
| Иран улс Ирак дахь АНУ-ын нисэх хүчний баазуудад цохилт өгчээ | ||
| Үзсэн: 4414 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.