Шууд Chart

Алт, үнэт металлын үнэ эрс өсчээ

2020-01-08 14:01:45

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх  алт болон бусад үнэт  металлын үнэ ханш  эрс  өсөөд  байна.  Тодруулбал алтны үнэ ханш 2,3 хувиар өсч нэг унц нь 1588 доллар 13 центэд хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байна.

Мөн мөнгөний ханш нэг  унц нь 18 доллар 50 центэд хүрсэн нь мөн л өнгөрсөн оны 9 сараас хойших хамгийн  өндөр үнэ болж  байна. Голдман Саксийн шинжээчид бүс нутгийн байдал хурцдаж байгаатай холбоотойгоор алтны үнэ  ханш газрын  тосныхоос хурдтайгаар өсч мэдэхээр  байгааг урьдчилан хэлж байна. Дэлхийн түүхий эдийн биржүүд дээр газрын тосны үнэ  мөн өсч брэнт маркийн газрын тос баррель нь 70 доллараас даваад байна.  Зах зээлийн мэргэжилтнүүд цаашид ч газрын тосны үнэ нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. Ираний генерал Америкийн цэргийнхний тусгай ажиллагааны үеэр амиа алдсаны дараа Вашингтон Тегераны харилцаа зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй хэмжээнд хүрч хурцдаад  байгаа. Дээр нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Саудын Арабын газрын тосны байгууламжууд халдлагад өртөх эрсдэл эрс нэмэгдсэн нь  түүхий эдийн зах зээлд   ийнхүү нөлөөлж байна хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Түүнчлэн  Персийн булангийн орнуудын газрын тосны экспортод  чухал үүрэгтэй Ормузын хоолойг Иран хааж болзошгүй байгаа нь  газрын тосны зах зээлийн  эрсдэлийг нэмэгдүүлж байгааг сануулж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алт, үнэт металлын үнэ эрс өсчээ  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй