Шууд Chart

Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Иран улс пуужингаар харвасан гэж үзэж байна

2020-01-10 16:25:31

Өнгөрсөн лхагва гарагт Ираны Тегераны хотын ойролцоо сүйрсэн онгоцыг Иран пуужингаар харвасан гэдгийг баримт, нотолгоо харуулж байна гэж Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдээд байна. Жастин Трюдо сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр энэ ослыг шалгаж  байгаа Канадын  багийнхан өөрийн улсын тагнуулын байгууллага төдийгүй холбоотон орнуудаасаа тагнуулын мэдээлэл хүлээн аваад байгааг хэлжээ. Дээрх мэдээлэл, баримтаар  Иран улс Оросод үйлдвэрлэгдсэн Тор гэх төрлийн пуужингаар Украины иргэний агаарын тээврийн онгоц харваж, унагаасан гэж үзэж байна.

Үүнээс өмнө  тус  онгоцыг техникийн саатлаас үүдэн осолдсон гэж мэдээлж байсан юм. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Бионг 737-800 онгоцыг Иран улс зориудаар буудан унагаасан байх магадлалтай гэж үзэж байгааг нэмж хэлсэн байна. Багийн гишүүдийг оролцуулаад 180 орчим зорчигч бүхий онгоцонд Канадын 63 иргэн зорчиж явсан юм. Канадын иргэд Тегеранаас Украины Киев, тэндээсээ Канадын Торонто хот уруу дамжин нисэхээр төлөвлөж байжээ.

Харуусалтайгаар энэ ослын үеэр бүх зорчигчид амиа алдсан юм. Бионг 737-800 онгоцны осол Иран улс Ирак дахь Америкийн нисэх хүчний баазуудад цохилт өгсөн үйл явдалтай давхацсан. Өөрөөр хэлбэл, Ираны улс тус иргэний зорчигч тээврийн онгоцыг АНУ-ын байлдааны онгоцтой андууран пуужингаар харваж унагаасан байх магадлалтай талаар мэдээлэл  Би Би Си агентлаг дээр ч мөн гарсан байна. Харин Ираны зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа төдийгүй  Бионг 737-800 онгоц техникийн саатлын улмаас унасан гэж удаа дараа мэдээлж байгаа. Тус улсын албаныхан агаарын тээврийн хөдөлгөөн ихтэй Тегеран хотын ойролцоох бүс рүү пуужин харвах нь санаанд багтамгүй зүйл гэж хэлсэн байна. 

Канадын зүгээс улсынхаа мэргэжлийн шинжээчид болон албаныхныг Иран уруу илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Тегераныг энэ хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгааг мөн мэдэгджээ. Ямартай ч Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтын ажилд Бионг компанийг оролцуулахаар уриад байгаагаа давхар мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Иран улс пуужингаар харвасан гэж үзэж байна   
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй