![](/uploads/201307/news/thumb/bc200fd8d496c939602851801d9070b9_x3.jpg)
2013.07.10-ны өдөр буюу өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчид улиран сонгогдож байгаа Ц.Элбэгдорж Их жанжин Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүд мөн бүх ард түмнийхээ өмнө тангаргаа өргөлөө. Тэрээр бүх ард түмний итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажиллахаа батлан тангаргалсан юм.МУ-ын дөрөвдөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хэлсэн үгийг хүргэе.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монгол ахан дүүс ээ,
Эрхэм төрийн түшээд ээ,
Хүндэт зочид, хадагтай ноёд оо,
Монголын цаг дор Та бид Монгол төрийн их хүндэтгэл ёслол, Монгол түмний их наадам цэнгэлдээ хуран цуглаад байна. Миний бие дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагыг хоёрдохоо өргөлөө. Монголын Мөнх хөх тэнгэрийн дор ард олныхоо халуун хүндэтгэл уухайлж хурайлах дуун дунд Эзэн Богд Чингэс хааныхаа мэлмий, Их цагаан сүлдний өмнө, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд Монгол төрийн тэргүүний Тангарагыг ийнхүү өргөсөнөө би их ёс төр, итгэл найдвар, их хариуцлага хэмээн хүлээн авч байна.
Мөнх хөх тэнгэртээ баярлалаа.Монголын хийморлог ард түмэндээ
баярлалаа. Их өвөг дээдэс, Эзэн Богд Чингэс хаандаа баярлалаа. Их хурлын гишүүд, төрийн түшээддээ баярлалаа.
Надад дахин итгэл хүлээлгэсэн сонгогч олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд цаг заваа үл хайрлан, сэтгэл гарган ажилласан нийт ахмадууд, эмэгтэйчүүд, залуустаа их баярлалаа. Сонгуульд идэвхтэй ажилласан бүх байгууллага, нам, олон нийтийн хөдөлгөөн, иргэдэд гүн талархлаа илэрхийлье.
Эх орноосоо алсад суугаа ч иргэнийхээ эрхийг эдэлж саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Сонгох эрхээ анх удаа бүрэн дүүрэн ашиглаж сонгуульдаа идэвхтэй оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ онцгойлон баяр хүргэе.Шударгаар иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган сонгуулийн бүх шатны байгууллагад ажилласан төрийн түшээддээ гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Нацагийн Удвал нарт баяр хүргэж, цаашдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Сонгуулийн үеэр гарсан сайн санаа хөтөлбөр бүрийг ажил хэрэг болгохыг би чухалчлах болно. Намайг дэмжсэн иргэдийнхээ итгэлийг би дааж ажиллах болно. Мөн надад итгээгүй, бас эргэлзсэн иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө би хичээн зүтгэнээ..
Манай иргэд эрхээ эдэлж сайн сайхан амьдрах ёстой.Монгол улс олсон ололтоо багатгаж илүү хурдацтай хөнжих цаг үе ирсэн. Монголын нэр олон улсад улам сайнаар дуурсагдах боломжтой. Төрийн түшээ хүн бусдын зовлонг дааж зүтгэж, хатамжлан бодох учиртай. Би 23 жилийн өмнө энэ талбай дээр цэрэг шинэлээ тайлаад сонсголд оролцсон. Монгол иргэдийн эрх та бүхний гарт очиж байж л баталгаажна. Манай орны иргэн бүр эрхээ бодитой баталгаатай эдэлж чадсан цагт л монгол айл бүрийн амьдрал сайжирна.Төр иргэнийхээ санаа санаачлагаар дамжиж өөдлөн дэвжих болно. Монголд өрнөж эхэлсэн энэ их бүтээн байгуулалтын хувьсгалч амжилтанд хүрэх учиртай. Мөн Монгол улс иргэнээ дээдэлсэн хуулийн засаглалтай орон болж чадна. Энэ нь Монгол улсын бие даасан, аюулгүй нээлттэй байдлыг баталгаажуулна.
Би Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд энэ их үйлсийг манлайлан зүтгэх болно. Эрхэн хүндэт ард иргэдээ ирэх хоёр жилд улсын хэмжээний сонгуульгүй жил байх юм. Ирэх нэг жил ирээдүйн арван жилтэй тэнцэх жил учраас ач холбогдолтой. Иймд том зорилт тавьж шаргуу ажиллахаар шийдсэн.Байгальд ээлтэй хямд эрчим хүчээр улсаа хангах зорилтыг бид хэрэгжүүлнэ. Монгол улс өөрийн гэсэн шатахуунтай болно. Ачаагаа дааж явдсан өвгөн төмөр замаа шинэчилнэ. Шинээр төмөр зам барина. Бүх аймаг засмал замаар нийслэлтэйгээ холбогдоно. Гэр хороололд дахин төлөвлөлт их бүтээн байгуулалт өрнөнө.Нийслэлд хурдны зам метро баригдаж орон нутагт баг, сумын төвүүд шинэчлэгдэж Монголд шинэ хотууд бий болно. Шинэ үйлдвэр аж ахуй нэгжүүд олноор нэмэгдэнэ. Манай иргэдийн баялаг бүтээхэд оролцох хувь оролцоо ч нэмж баталгаажна. Бид иргэн бүрийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өргөн харж шийдвэрлэнэ. Монгол улсын иргэнд төрөхөөс авхуулаад ахмад насанд хүрч жаргаж амьдрах тэр мөчлөг бүрт нь шаардлагатай дэмжлэгийг төрөөс үзүүлж чаддаг болно. Монголын төр хүүхдүүдээ, залуус, оюутан, залуу гэр бүлээ, ахмадууддаа болон дэмжлэг шаардлагатай иргэдээ дэмжих оновчтой хаягжсан бодлоготой болно. Төрийн алба зэвсэгт хүчин цэрэгжсэн болон хууль хяналтын байгууллагад ажилладаг иргэдийнхээ нийгмийн асуудалд онцгой анхаарна. Боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжил, дэд бүтэц, шинэ технологи, үйлдвэр бүтээн байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг тодорхой тогтвортой бодлогоор дэмжинэ. Бүтээлч үр ашигтай шинэчлэл түүчээлийг дэмжинэ. Баялаг бүтээгчдийг бүх боломжоороо дэмжинэ. Энэ бол амлалт биш энэ бол бидний хийх ажил. Энэ ажлыг тасалдуулах эрх хэнд ч байх ёсгүй. Би монголын ард түмний нийтлэг эрх ашиг Монгол улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг хүний эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах болно.
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөхдөө ард түмэндээ хандан хэлсэн үгнээс | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.