![](/uploads/201403/news/thumb/ddf2b3036c4f3b38854982ef19f57abb_x3.jpg)
Нийслэл дэх техникийн захуудыг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучнаар 22-ын товчоо байснаас ургаш 130 га газарт “Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барихаар боллоо.
Уг цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний хэт ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг 40 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.
Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбайтай. Мөн энэхүү цогцолборын оффисын барилгад Улсын дугаарын тоо бүртгэлийн газар, банк, санхүү, нотариат зэргийг байршуулахаар төлөвлөж байна.
Эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг байгуулж ашиглалтад оруулан авто машины худалдаа эрхлэгчдэд борлуулах бөгөөд энэ оны 10 дугаар сарын нэгний дотор авто зогсоол, зам талбай, хамгаалалтын хашаа барих ажлыг дуусгах юм. Зогсоолын төлбөрийн хувьд бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг дөрвөн сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг есөн сая төгрөгөөр аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлнэ. Дараагийн ээлжинд худалдааны талбайг борлуулснаас олох 36.283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулахаар тооцжээ.
Мөн авто экспо явагдах цогцолборын барилга, оффисын барилга зэргийн эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Техникийн захуудыг 10 дугаар сараас нүүлгэнэ | ||
Үзсэн: 1411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.