Шууд Chart

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 69 жилийн ой өнөөдөр тохиож байна

2020-01-16 10:04:28

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үүсэн байгуулагдсаны 69 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Тодруулбал, 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

dr-1

Монголын сэтгүүлчдийн холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ. 

Монголын сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны арваннэгдүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдав.

Харин 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио  телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчийг  эгнээндээ нэгтгэсэн 30  гаруй салбартай болжээ.

Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны арванхоёрдугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ. 

Монголын сэтгүүлчдийн байгууллага нь 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулсан гэдэг.

Ийнхүү 2002 оны дөрөвдүгээр сарын 2-нд Монголын сэтгүүлчдийн холбоо, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.

Үе, үеийн удирдлагууд

  • 1951-1953 онд Монголын Сэтгүүлчдийн Холбооны дарга  О.Пунцаг
  • 1953-1957 онд МСХ-ны дарга      Ж.Зундуй
  • 1957-1962 онд МСХ-ны дарга      Г.Дэлэг
  • 1962-1963 онд МСХ-ны дарга      Г.Очирбат
  • 1963-1984 онд МСХ-ны дарга      Ц.Намсрай
  • 1984-1990 онд МСХ-ны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, доктор, профессор     Л.Түдэв
  • 1990-1993  онд  МСХ-ны дарга    Ц.Мөнхжаргал
  • 1993-1996  онд  МСХ-ны Ерөнхийлөгч   С.Цэрэндорж
  • 1996-2002 онд МСХ-ны Ерөнхийлөгч    Ц.Бат-Орших
  • 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж МСНЭ байгуулагдахад анхны Ерөнхийлөгч С.Батмөнх, МСНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ц.Дашдондов
  • 2002-2006 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав
  • 2006-2009 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  • 2009-2011 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор  Т.Баасансүрэн
  • 2011-2018 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид
  • 2018 оноос МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр.    
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 69 жилийн ой өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй