Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Холбооны зөвлөлд илгээлтээ танилцуулсны дараа Засгийн газар нь огцорлоо

2020-01-16 11:02:02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Холбооны зөвлөл буюу парламентдаа илгээлтээ танилцууллаа. ОХУ-ын төрийн тэргүүн улс орныхоо нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байгаагаа, зорилго зорилтоо хэрхэн тодорхойлж байгаагаа жил бүр Холбооны зөвлөлд танилцуулдаг уламжлал 26 жилийн өмнөөс эхтэй юм. Энэ удаагийнх Владимир Владимирович Путины Оросын төрийн тэргүүний хувиар танилцуулж буй 16 дахь илгээлт юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ удаагийн илгээлтэд онцгой анхаарал хандуулсан сэдэв нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой байлаа. Тодруулбал, Оросын иргэдийн орлого нэмэгдэхгүй зогсонги байдалд орсныг даван туулах боломжууд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр амь зогоож байгаа иргэдийн тоог бууруулахад чиглэгдсэн арга замуудыг ажил хэрэг болгохоо илэрхийлж байлаа. Юуны түрүүнд төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд гэр бүлүүдэд тулгарч байгаа хүндрэл бүрийг тодорхойлж, түүнд нь таарсан арга хэмжээ авах шаардлагатайг тэмдэглэсэн.

Тухайлбал, ясли, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бүс нутаг бүрт 2021 оны эцэс гэхэд яслид 255 мянган орон тоог шинээр бий болгоход шаардлагатай хөрөнгө мөнгийг хуваарилсан байгаагаа мэдэгдсэн. Мөн Холбооны бүх субьектын удирдагчдад хандаж боломжтой бүхнээ хийхийг уриалж, анхааруулж тодорхой арга хэмжээг Холбооны Засгийн газраас авч байгааг зарласан. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сараас эхлэн амьдралын өртөг нь бага гэр бүлүүдийн хүүхдүүдэд сар бүр 11 мянган рублийн тэтгэмж олгохоор болсон. Мөн гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлийн ипотекийн зээлээс 450 мянган рублийг төрөөс гаргаж өгөх. Гурван хүүхэдтэй гэр бүлд орон сууцтай болоход нь нэг сая рублийн тусламжийг төрөөс олгох шийдвэр байгаагаа зарласан.

Харин дараагийн хөндсөн сэдэв нь эдийн засагтай холбоотой байлаа. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны эцсийн дүнгээр ОХУ-д инфляцийн түвшин гурван хувьтай гарсан нь урьдчилан таамаглаж байснаас бага байсныг мэдэгдсэн. Мөн төсвийн нөөцөөрөө гадаад өрөө хангалттай барагдуулж чадаж байгааг онцолсон. 2020 оноос хөрөнгө оруулалтын хэмжээг жилд таваас багагүй хувиар өсгөхөөр тооцоолж байгааг мэдээлсэн.

Түүнчлэн Ерөнхийлөгч Владимир Путины илгээлтэд хөндөгдсөн дараагийн онцлох сэдэв нь олон улсын тавцан дахь нөхцөл байдалтай холбогдож байлаа. Түүний дотор Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлын тухай хөндсөн. Тэрбээр энэ бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад НҮБ онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэсний дээр цөмийн таван их гүрэн энх тайван, аюулгүй байдлын төлөө илүү их зүйл хийх хэрэгтэйг тэмдэглэсэн юм.

Мөн ОХУ-ын аюулгүй байдал, зэвсэглэлийн тухай хөндсөн. Бусад улс орнууд араас гүйцэх хэмжээнд хүртэл ОХУ-ын батлан хамгаалах чадамж нэмэгдсэнийг тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийнхаа илгээлтийн үеэр ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцэж эхлэхийг санал болгосон. Тэрбээр энэ чиглэлээр хэд хэдэн санал хэлсний дотор Үндсэн хуулийн шүүх, Төрийн зөвлөл, парламентын үүрэг, статусыг нэмэгдүүлж, баталгаажуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавих шаардлагыг чангатгах зэрэг багтаж байлаа.

ОХУ-ын төрийн тэргүүний илгээлтийг сонсохоор үзэсгэлэнгийн төв танхимд 1300 хүн уригджээ. Тэдгээрийн дотор Холбооны зөвлөлийн гишүүд, Төрийн Думын депутатууд, Засгийн газар, Дээд шүүх, Үндсэн хуулийн шүүхийн гишүүд багтаж байлаа. Мөн Холбооны субьектууд, мужийн захирагчид, олон нийтийн зүтгэлтнүүд, шашны тэргүүнүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн удирдагчид ч уригдан ирсэн байлаа.

Холбооны зөвлөлд илгээлтээ танилцуулдаг үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцдог оны гол арга хэмжээний нэг юм. Тиймээс ч дотоодын төдийгүй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцгой анхаарлыг татдаг. Энэ удаад Оросын болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 885 ажилтан Ерөнхийлөгч Владимир Путины илгээлтийг сурвалжлах зөвшөөрөл авсан байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илтгэл тавьж дууссанаас хэдхэн цагийн дараа ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Холбооны зөвлөлд илгээлтээ танилцуулсны дараа Засгийн газар нь огцорлоо   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй