АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх Сенатын танхим дахь хуралдааныг энэ сарын 21-ний өдөр товлож магадгүй байна. Энэ тухай Конгрессын дээд танхим дахь олонхийн бүлгийн дарга Митч Макконнелл мэдэгдээд байна.
Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл "Энэ долоо хоногт урьдчилсан шатны алхмуудыг бид хийх болно. Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчид импичмент зарлахтай холбоотой хэргийг Сенатад лхагва гарагт өргөн барих болов уу. Энэ нь ирэх 7 хоногийн мягмар гарагт Сенатын танхимын шүүх хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж эхлэх боломж олгох болов уу гэж бодож байна" гэж ярьжээ.
Төлөөлөгчдийн танхим Сенатын танхимд хэргийг шилжүүлэх тогтоолыг эхлээд санал хураалтаараа батлах ёстой. Үүний өмнө Конгрессын дээд танхим дахь шүүх хуралдаанд Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн оролцох хууль тогтоогчдынхоо нэрсийг зарлах ёстой юм. Төлөөлөгчдийн танхимын батлах тогтоол Сенатад шүүх хуралдаан явуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг төсвөөс гаргах боломжийг олгох ёстой юм байна.
Харин Сенатын гишүүд хуралдаан эхлэхээс өмнө Ерөнхийлөгчид тохож байгаа хэргүүдийг шүүх хуралдааныг удирдан явуулах Дээд шүүхийн шүүгч Жон Робертсийг тангараг өргүүлэх ёстой юм. Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр зүйл ангиар буруутгасан.
Харин өнөөдөр ирж байгаа мэдээллээр Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо Ерөнхийлөгч Дональд Трампыг өөр шинэ зүйл заалтаар буруутгах шинэ баримтууд хүлээн авснаа мэдэгдэж байна. Энэ баримт бичлэгүүдийг Төлөөлөгчдийн танхимын 660-р тогтоолын дагуу Сенатад нэмэлтээр өргөн барих боломжтой гэдгээ Тагнуулын хорооны тэргүүн Адам Шифф мэдэгдсэн байна. Харин нотлох баримтууд дотор нь Дональд Трамп Ерөнхийлөгч хувийн өмгөөлөгч Жулиани Украины Ерөнхийлөгч Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахыг чармайж байгааг гэрчлэх дуу бичлэгүүд байгаа тухай мэдээлж байна.
| Дональд Трампад импичмент зарлах эсэхийг шийдэх хуралдааныг энэ сарын 21-нд товлож магадгүй байна | ||
| Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.