АНУ, БНХАУ-ын талууд нэгдүгээр шатны худалдааны хэлэлцээнд гарын үсэг зураад байна. Хэлэлцээний дагуу БНХАУ АНУ-аас худалдан авах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхээр болоод байгаа бол АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд оногдуулсан татвараа бууруулах алхмыг авах юм.
Лхагва гарагт АНУ болон БНХАУ худалдааны хэлэлцээний нэгдүгээр шатны баримт бичигт гарын үсэг зурсан. АНУ-ын Вашингтон хот дахь Ерөнхийлөгчийн Цагаан ордонд болсон уг ёслолд Дональ Трамп болон Хятадын Төрийн Зөвлөлийн дэд дарга Лю Хэ нар оролцсон байна.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Хятад улс Америкаас 200 тэрбум ам.доллартай дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах үүрэг хүлээж байгаа юм. Үүнээс гадна Хятадын тал валютын ханшийг зохиомлоор өөрчлөхөөс татгалзах, оюуны өмчийн эрхийг хүндэтгэх гэсэн шаардлагыг биелүүлэх ёстой болж байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Бээжинтэй өмнө нь хэзээ ч байгаагүй түүхэн алхмыг хийж байгааг онцолсон юм. Энэ хэлэлцээ нь Америкийн ажилчид болон фермерчдэд эдийн засгийн шударга үр өгөөжийг хүртээж буйг хэлсэн байна.
Харин Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга Лю 1-р шатны худалдааны хэлэлцээ Хятад, АНУ төдийгүй дэлхий дахины хувьд эерэг үр өгөөжтэй гэдгийг хэлсэн байна. Тус хэлэлцээрийн дагуу Вашингтон өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулсан нэмэлт татвараа 15 хувиар бууруулах үүрэг хүлээгээд байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжин, Вашингтоны талууд хоёрдугаар шатны хэлэлцээг тун удахгүй эхлүүлнэ гэдгийг хэлсэн байна. Хоёр тал дараагийн шатны хэлэлцээг байгуулах хүртэл Вашингтон Хятадын 2540 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулсан 25 хувийн нэмэлт татварыг хэвээр хадгална гэдгээ онцолжээ. Хэдийгээр хоёр тал ийнхүү худалдааны хэлэлцээрийн нэгдүгээр шатны баримт бичигт гарын үсэг зураад байгаа ч Хятадын төрийн эзэмшлийн компаниуд болон Хятадын "Хуавей" компанийн эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээ зэрэг олон асуудал шийдэлд хүрэх ёстой хэвээр байгаа юм.
| АНУ, БНХАУ худалдааны "нэгдүгээр үе шат"-ны хэлэлцээрт гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.