БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын тохиолдол Япон улсад анх удаагаа бүртгэгдээд байна. Тус вирусыг тээгч БНХАУ-д зочилж байжээ. Японы Эрүүл мэндийн яамнаас Хятадын Үхань хотод очоод ирсэн Японы иргэнээс шинэ төрлийн коронавирусын халдварын шинж тэмдэг илрээд байгааг мэдээлсэн байна.
Хятадын Үхань хот нь одоогоор ямар ч эмчилгээгүй энэ вирус анх илэрсэн газар юм. Японы Эрүүл мэндийн яамнаас коронавирусаар өвчлөөд байгаа япон эрэгтэй Токио хотын ойролцоох Канагава мужид амьдардаг гэдгийг онцолжээ. Япон улсад уушгины хатгалгааг үүсгэгч вирус анх удаа ийнхүү бүртгэгдээд байна.
Хятад улсын Үхань хотод иргэд шалтгаан нь тодорхойгүй вирусаар өвчилж эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан юм. Харин энэ долоо хоногийн мягмар гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл хийж, Хятадад тархаад байгаа тус вирусыг шинэ төрлийн коронавирус гэдгийг зарласан юм.
Одоогийн байдлаар энэ вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч халдвар тээгчийн ойр дотны хүмүүс, гэр бүлийхэнд вирус халдварлахыг үгүйсгэхгүй гэсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусын тархалтыг зогсоох талаарх удирдамжийг гаргаад байгаа юм. Энэ вирусыг эмчлэх арга, эм бэлдмэл байхгүй төдийгүй нэмэлт судалгаа, шинжилгээг явуулах шаардлагатай байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын Хубэй мужийн Үхань хотод уушгины хатгалгаа өвчнөөр иргэд өвчилж эхэлсэн юм. Үхань хотын далайн хүнсний захын ажилчид энэ вирусаар хамгийн анх өвчилсөн байдаг. Тус орон нутгийн зах дээр амьд амьтныг мөн худалдаалдаг учраас энэ вирусыг амьтнаас хүнд дамжсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байсан. Энэ сарын эхээр Тайланд улсад аялал хийж байсан 60 гаруй насны хятад иргэнээс мөн ижил төрлийн вирус илэрсэн талаар Тайландын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байжээ.
| Японд шинэ төрлийн коронавирусын халдвар бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.