
Далны ясан сийлбэрээр хэдийнэ олоны танил болсон Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн “ХААН” галерейд нээгдлээ.
Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголд анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээл үзэгчдэд хүрээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж “Далай” хэмээн нэрийджээ. Гэхдээ далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн хуурай модоор сийлсэн байна.
Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.
Үзэсгэлэнд нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн урлагтай хослуулсан “Өрөг” нэртэй бүтээлээ танилцуулаад буй. Тэрбээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр будаж, эртний Монголчууд далны ясаар мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа авчээ. Уран бүтээлч Т.Баттогтох далны сийлбэрүүдээс гадна далны ясны хэлбэртэй хүрэл баримал бүтээсэн нь мөн үзэсгэлэнд тавигджээ.
Эртний олдворыг ашиглан баатрын дүрийг бүтээхдээ хүрэл цутгамал далны ясыг малгайн орой дээрх чимэг болгон босгосон нь шинэлэг хийгээд тус үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг, тод өнгө нь болж буй юм.
Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн “ХААН” галерейд нээгдлээ | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.