Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн хааны гэр бүлийн Букингем ордноос Хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын хэргэм зэргийг хүчингүй болгож байгааг мэдээлсэн. Энэ үйл явдал болсноос хойш анх удаагаа Хунтайж Харри мэдэгдэл хийлээ. Тэрээр болж өрнөсөн үйл явдалд гүнээ харуусч байгаагаа илэрхийлсэн байна.
Сассексийн гүн, Хунтайж Харри бямба гарагийн орой Лондон хотод болсон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ үг хэлсэн байна. Энэ үеэр түүний гэр бүлийхэн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс хасагдаж, хэргэм зэргээ алдаж байгаад гүнээ харуусч буйгаа илэрхийлжээ. Хунтайж Харри Их Британи бол миний хайртай эх орон, үргэлж энэ хэвээрээ л байх болно гэсэн байна. Мөн тэрээр Меган бид хоёр хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзах шийдвэрийг гаргах амар байгаагүй, олон жилийн сорилт, бэрхшээлийн дараагаар хэдэн сарын турш бодож гаргасан шийдвэр гэсэн байна.
Нөхцөл байдал хүндрэхийн хэрээр сонголт үлдээгүй гэдгийг Харри хэлжээ. Үүнээс гадна хунтайж Харригийн онцолсон өөр нэг зүйл нь Харри болон Меган нар хатан хаан төдийгүй хамтын нөхөрлөлийн орнуудын үйл хэрэгт хүчин зүтгэж, армийн албан үүрэгээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэлт байснаа илэрхийлсэн юм. Харамсалтай нь тийм боломж олдсонгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Энэ сарын эхээр залуу хосууд Их Британийн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзаж, Их Британиас гадна Канадад амьдрах хүсэлтэй байгаагаа илэрийлсэн юм.
Мөн залуу хосууд санхүүгийн хувьд хараат бус бие даасан болохыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм. Хунтайж Харри Хүний Дархлал Хомсдолын Вирус буюу ДОХ-ын халдвартай өнчин хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн ажиллагааны үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Тэрээр одоогоос 23 жилийн өмнө ээжийгээ алдах үед Хатан хаан намайг асрамж хамгаалалтад авсан. Хатан хаан намайг удаан хугацааны туршид асарч ирсэн гэж Харри онцлон хэлж, Английн хатан хаан 2-р Элизабетад тун талархаж явдгаа хэлжээ. Харригийн ээж, Уэльсийн гүнж Диана 1997 оны 8-р сард автын осолд орж амиа алдсан юм. Тэрээр хэвлэлийнхний мөрдлөгөөс зугтаж байх үедээ осолд орсон юм.
Тэгвэл Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзаж байгаагийн хамгийн том шалтгааны нэг нь хэвлэлийнхний бай болж явдал гэдгийг хэлж байсан юм. Энэ сарын сарын эхээр залуу хосууд Английн хааны гэр бүлийн гишүүнчлэлээсээ татгалзахаар төлөвлөж байгаагаа гэнэт зарлаж, шуугиан тарьсан юм. Энэ асуудлаар Английн хатан хаан 2-р Элизабет тэргүүнтэй хааны гэр бүлийнхэн уулзалт хийсэн билээ.
Тэгвэл Букингем ордноос өнгөрсөн бямба гарагт гаргасан мэдэгдэлд хатан хаан Элизабетын байр суурийг тодорхой гаргаж өгсөн юм. Хатан хаан олон сар үргэлжилсэн яриа, зөвлөгөөний эцэст хааны гэр бүлийнхэн миний ач хүү болон түүний гэр бүлийнхний шийдвэрийг дэмжих саналыг гаргасанд баяртай байна гэжээ. Мөн тэрээр Харри, Меган болон Арчи нар хааны гэр бүлийн хамгийн хайртай хүмүүсийн нэг хэвээр байх болно Элизабет онцолжээ.
Мөн хатан хаан 2-р Элизабет энэхүү шийдвэр Харри болон Меган нар аз жаргалтай, амар тайван шинэ амьдралыг эхлүүлэх боломжийг олгосон гэдэгт итгэлтэй байгааг мөн тус мэдэгдэлд илэрхийлсэн байна. Залуу хосууд ийнхүү хааны гэр бүлийн гишүүнчлэлээс гараад зогсохгүй Фрогморийн байшинг сэргээн засварлахад зарцуулсан 2.4 сая фунт стерлинг буюу 3 сая ам.долларыг буцаан төлөхтэй ёстой болж байна. Учир нь тэд татварын төлөгчдийн мөнгөөр дээрх засварыг хийсэн төдийгүй хааны гэр бүлийн хэргэм зэргээс татгалзсанаар тус мөнгийг ашиглах эрхгүй болсон байна.
Гэхдээ Фрогморийн энэхүү байшин Харри болон Меган нарын Их Британи дахь гэр хэвээр үлдэж байгаа юм. Хосууд Их Британиас гадна Канад улсад хэсэг хугацаанд амьдрахыг хүсч буйгаа илэрхийлж байсан юм. Харригийн ээж, Уэльсийн гүнж Диана хунтайж Чарльзаас салсны дараагаар хааны гэр бүлийн хэргэм зэргийг хэрэглэхээ больж байсан юм. Тэгвэл түүний хүүд адил зүйл тохиолдож байна. Энэ үйл явдлын эргэн тойронд өрнөж өөр нэгэн чухал зүйл бол цаашид Харри болон Меган нарын аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал юм. Ялангуяа хосууд Их Британиас өөр улс оронд амьдрахыг хүсч байгаа нь энэ асуудлыг улам хүндрүүлж байгаа юм. Канадын аюулгүйн албаны компаниас хосууд Их Британиас өөр газар нутагт амьдрах үед тэдний аюулгүй байдлыг хамгаалахад жилд 7 сая фунт стерлинг шаардагдана гэж үзэж байна. Ер нь Английн хааны гэр бүлийн ахлах гишүүдийг хамгаалахад жилд нийт 100 гаруй сая фунт стерлингийг зарцуулдаг байна.
Хосууд Канадад амьдран гэдгээ илэрхийлээд байгаа ч Канадын засгийн газраас Харри болон Меган нарын аюулгүй байдалд шаардагдах мөнгийг гаргах сонирхолгүй байгааг шинжээчид онцолжээ.
| Хунтайж Харри “Гүнээ харуусаж” байгаагаа илэрхийлжээ | ||
| Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.