Шууд Chart

Хоёр өдрийн дотор коронавирусийн 139 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2020-01-20 17:03:32

Өнгөрсөн хоёр өдрийн дотор Хятад улсад коронавирусын халдвар авсан 139 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус улс дахь нийт халдвар тээгчдийн тоо 200 гараад байна. Хятадын Үхань хот энэ учир битүүлэг вирусийн голомт гэгдэж байсан. Харамсалтай тус вирусээр өвчлөгсөд Үхань хотоос гадна Хятадын нийслэл Бээжин, Шэньжинд хүртэл бүртгэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын тархалт, халдварын талаарх үзлэг, судалгааг эрчимжүүлсний үр дүнд шинэ тохиолдлуудыг илрүүлсэн талаар мэдээлсэн байна.

Амьтнаас хүнд халдсан байх магадлалтай гэж үзэж буй энэ вирусээр өвчилсөн иргэдээс хоёр хүн амиа алдсан бол 8 өвчтөний биеийн байдал тун хүнд байгаа юм. Харин халдвар тээгчдээс 19 хүний биеийн байдал эрс сайжирч, эмнэлгээс гарсан байна. Хятад улсад цагаан сарын амралт эхэлж байгаа цаг үетэй давхцан коронавирусын тархалт нэмэгдэж байгаа талаарх энэ мэдээлэл гарчээ.

Энэ сарын 24-нөөс эхлэн Хятад улсад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Энэ үеэр коронавирусын тархалт нэмэгдэх магадлалтай гэсэн айдас байгаа юм. Үүнээс ч үүдэн Хятадын нисэх онгоцны болон галт тэрэгний буудлууд зорчигчдын биеийн хэмийг хэмжих төхөөрөмжийг ашиглаж эхэлжээ. Тус вирус Хятадын хилийг давж, Япон болон Тайланд улсад мөн бүртгэгдээд байгаа юм.

Японы албаныхан Ухань хотод зорчоод ирсэн Хятад иргэн тус вирусээр өвчилсөн болохыг тогтоосон юм. Хятадын албаныхан шинэ төрлийн коронавирусээр 200 гаруй хүн өвчлөөд байгааг мэдээлж буй ч Их Британийн эрүүл мэндийн шинжээчид энэ вирусээр өвчлөгдсдийн тоо 1700-д хүрсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр өдрийн дотор коронавирусийн 139 шинэ тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй