Шууд Chart

Коронавирусийн халдвар авснаас болж нас барсан 4 дэх тохиолдол бүртгэгдээд байна

2020-01-22 10:29:58

Коронавирусийн халдвар авснаас болж нас барсан 4 дэх тохиолдол Хятадын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэнийг Хятадын албаныхан мэдээлж байна. Тодруулбал энэ вирусийн халдвар авсан нь өнгөрсөн 13-ны өдөр батлагдсан 89 настай эрэгтэй нас барсан тухай мэдээлж байна. Халдварын тархацийн тухайд Хятадын Ухань төдийгүй манайхны хамгийн ихээр зорчдог Бээжин, Шэньжань, Шанхай хотуудад коронавирусын халдварын тохиолдлууд бүртгэгдээд байна. Мөн Хятадаас гадна БНСУ, Япон, Тайландад энэ вирусийн халдвар авсан тохиолдлууд мөн бүртгэгдсэн. Гэхдээ эдгээр улсуудад Уханиас ирсэн зорчигчдоос халдвар илэрснийг онцолж байгаа юм.

Хятадын Ухань хотын эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ вирусийн халдвар авсан 136 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний өмнө халдварын 62 тохиолдол бүртгэгдсэн байсныг ч сануулж байна. Халдвар авсан хүмүүсээс 25-ийнх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Үүний зэрэгцээ Хятадын мэргэжилтнүүдийн баг энэ вирус хүнээс хүнд халдварлаж байгааг баталсан  байна.

Энэ  хооронд Британийн  эрдэмтэд  зөвхөн Ухань хотод  энэ вирусийн халдвар авсан тохиолдол 1700-гаас давсан гэж тооцоолж байгаагаа мэдээлж  байна. Лондоны халдварт өвчин судлалын коллежийн мэргэжилтнүүд Ухань хотын хүн  амын  тоо,  хилийн чанадад халдвар тархсан байдал, орон нутгийн нисэх буудлуудын  зорчигчдын тоо зэрэг хүчин зүйлүүдэд  үндэслэн ийм тооцоо гаргасан байна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчдад хандаж уушгины хатгалгаа, бусад амьсгалын замын үрэвсэл өвчинтэй хүмүүст нарийн шинжилгээ хийх шаардлагатай байгааг анхааруулж байна. Харин Хятадын удирдагч Ши Жиньпин  удахгүй  тус улсад хаврын баяр цагаан сар болохтой холбоотойгоор  иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэх учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай  идэвхтэй авахыг холбогдох албаныханд үүрэг болгоод  байна.  Мөн  иргэд олон нийтэд  шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг ч анхааруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маргааш шуурхай хуралдаан хийнэ гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Одоогоор халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд ийнхүү нэмэгдсэнийг хүн амын дунд халдварын илрүүлгийг идэвхтэй хийж, шинжилгээнд хамруулж байгаагийн үр дүн  гэж тодорхойлж байна. Тиймээс хил хаах  ч  юм уу эрс арга хэмжээ авахыг одоогоор зөвлөмж болгоогүй байна. 

Гэхдээ маргаашийн шуурхай хуралдаанаас ямар шийд гаргахыг харж хүлээж байна. Улс орнуудын тухайд халдвар тарахаас урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээнүүдийг авч байна. Сингапур, Хонконг, Токиод, мөн Сан Франциско, Лосанжелс, Нью-Йорк  зэрэг хотуудын нисэх  буудлуудад Уханиас ирж байгаа зөрчигчдийг биеийн халууныг хэмждэг төхөөрөмжөөр шалгаж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газрын шийдвэрээр биологийн аюулгүй байдлын түвшинг нэгээр нэмэгдүүлсэн байна. Японы  засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Абэ Шинзо мөн урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр  хангахад онцгой анхаарахыг албаныханд үүрэг болгоод байна. Энэ хооронд АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгүүд Хятадын Ухань  хотод өнгөрсөн оны сүүлчээр анх бүртгэгдсэн  коронавирусийн эсрэг  вакцин бүтээх  ажил  эхлээд байгаа тухай  Си Эн Эн мэдээлж байна. Хьюстоны анагаахын коллежийн мэргэжилтнүүд  Техас, Нью-Йорк, Хятадын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгааг мэдээлж байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавирусийн халдвар авснаас болж нас барсан 4 дэх тохиолдол бүртгэгдээд байна  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй