ОХУ-ын Төрийн Дум Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгч Путиний өргөн барьсан хуулийн төслийг ирэх 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх юм байна. Харин үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг ирэх 4-р сард зохион байгуулж магадгүй байна. Энэ тухай Төрийн Думын дарга Вячеслав Володин мэдэгдсэн юм.
Тэрээр улс орны амьдрал дахь Парламентын үүрэг оролцоог нэмэгдүүлэх түүхийн шийдвэрийг хойшлуулж удаашруулалгүйгээр, шуурхай гаргахыг хүсч байгаагаа энэ үеэр илэрхийлж байна. Мөн Төрийн дум дахь тусгай хороодууд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүхий хуулийн төслүүдийг удахгүй хэлэлцэж эхлэхийг мэдэгдсэн юм.
Вячеслав Володин ОХУ-ын Төрийн Думын дарга: Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт бүхий хуулийн төслийг төрийн байгуулалтын хороо руу хэдийн илгээгээд байна. Ерөнхийлөгчийн Холбооны зөвлөлд танилцуулсан илгээлтэнд тусгагдсан нэмэлт өөрчлөлтүүд бүхий санаачлагыг тус хорооныхон энэ 21-ны өдрөөс хэлэлцэж эхэлнэ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд зөвлөлдөх байгууллага болох Төрийн зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох, Төрийн Думын Засгийн газрын тэргүүн болон гишүүдийг сонгох бүрэн эрхийг өргөжүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2 илүүгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд өөр улс орны иргэншилтэй байхыг хориглох зэрэг саналууд багтсан байгаа юм байна. Түүнчлэн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн тоог 19-өөс 11 болгон буруулах санал ч багтсан байна. Ерөнхийлөгч Путиний санал санаачлагыг тусгай 14 ажлын хэсгийнхэн боловсруулж нэг багц болгон Төрийн Думаар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа юм.
Харин иргэд олон нийт үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтүүдийг нэг бол бүхэлд нь дэмжих, эс бөгөөс эсэргүүцэж буй эсэхээ л илэрхийлэхээр санал асуулгыг зохион байгуулах юм байна. Харин үүнийг сонгогчдын эрхийг хамгаалах Голос хөдөлгөөнийхөн эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна. Тэд нэмэлт өөрчлөлт тус бүрээс иргэдийн саналыг авах ёстой гэж баталж байна. Тиймээс сөрөг хүчнийхэн нэгдэж ирэх 2-р сарын 29-ны өдөр өргөн хүрээтэй жагсаал цуглаан зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж эхэлснээ мэдэгдэж байна.
| ОХУ-ын Төрийн Дум Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг пүрэв гарагт хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.