Коронавирусын халдвар Хятадын олон хотод төдийгүй дэлхийн улс орнуудад хурдацтайгаар тархаж байгаатай холбоотойгоор халдварын голомт гэгдэж буй Ухань хотод хөл хорио тогтоосонтой адилтгахаар арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тодруулбал, Хятадын эрх баригчдын шийдвэрээр энэ пүрэв гарагийн 10 цагаас эхлэн тус хотын метро, автобус, гаталга онгоц, агаарын хөлгийн нислэг гээд бүх нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.
Мөн хотын иргэдэд хандаж онцын шаардлагагүй бол тус хотыг орхин гарахгүй байхыг зөвлөж байгаа юм. Нисэх онгоцны буудлаас хөөрөх нислэгүүд болон галт тэрэгний буудлуудын хотоос гарах хөдөлгөөнийг түр зогсоож хаагаад байна. Мөн зоогийн газар, кино театр зэрэг олон нийтийн газруудын хаалгыг нь барьж хаврын баярт зориулсан арга хэмжээнүүдийг цуцалжээ. Түүнчлэн хамгаалалтын хэрэгслүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж их дээд сургуулиудад тарааж байгаа төдийгүй Ухань хотын иргэн бүрт амны хаалт зүүхийг үүрэг болгосон байна.
Коронавирусын халдварын тархалттай тэмцэх шуурхай штабаас энэ тухай мэдээлээд байна. Хятадын эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ вирусийн халдвараас болж нас барсан тохиолдол 17 болж нэмэгдсэн байна. Мөн халдвар авсан хүний тоо 630-д хүрсэн бол халдвартай хүмүүстэй ойр байсан, хавьтсан 2000 гаруй хүнийг хяналтад байлгаж байгааг мэдээлж байна. Вирусийн халдвар Хятадын Бээжин Хонконг, Шанхай гээд нийт 25 хотод коронавирусын халдварын тохиолдлууд бүртгэгдээд байна. Харин хилийн чанад Таиландад 3 БНСУ, Япон, АНУ,д тус бүр 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнээс гадна ОХУ, Бразили, Колумб, Франц зэрэг орнуудад халдварын сэжигтэй тохиолдлууд гарсныг шинжилж шалгаж байгаа тухай мэдээлж байна. Дэлхийн улс орнууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. их Британийн Лондонгийн Хитроу олон улсын нисэх буудалд Ухань хотоос 7 хоногт 3 нислэг ирдэг байна. Үүнтэй холбоотойгоор Уханиас ирсэн нислэгүүдийг эмнэлгийн шуурхай тусламж үзүүлэх боломж ихтэй 4 дүгээр терминалын тусгай хэсэгт буулгах арга хэмжээ авсан байна. Сингапурын агаарын тээврийн компани л гэхэд Ухань хот руу хийдэг нислэгээ түр зогсоохоор шийдвэрлэжээ.
| Хятадын Ухань хотыг орхин гарахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэллээ | ||
| Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.