Шууд Chart

Хятадын арван хотод хөл хөдөлгөөнийг хорьжээ

2020-01-24 15:21:34

Шинэ төрлийн коронавирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээс хүргэе. Одоогоор тус вирусээр нийт 830 гаруй хүн өвчлөөд байгаагаас 25 хүн амиа алдаад байна. Хятадаас гадна дэлхийн долоон ч улсад тус вирусийн тархалт бүртгэгдээд байгаа юм. Хятадын 11  сая хүнтэй Ухань төдийгүй хил залгаа томоохон хотуудад  хөл хорио тогтоогоод байгаа нь Бээжингийн энэхүү аюулт вирусийн тархалтыг зогсоохын тулд авч хэрэгжүүлж байгаа алхмуудын нэг болоод байна.

Хятадын Хубэй мужид 24 хүн харин хойд зүгийн Хэбэй мужид нэг хүн амиа алджээ. Уханиас гадна Хуангань, Эчжоу зэрэг Хятадын томоохон 10 хотоос гарах болон орох хөдөлгөөнийг хориглоод байна. Одоог хүртэл эх үүсвэр нь тогтоогдоогүй байгаа тус вирус хамгийн анх Ухань хотод илэрч байсан юм. 20 сая орчим хүнтэй Хубэй мужийн Ухань хотын галт тэрэгний болон нисэх онгоцны үйлчилгээнүүд зогсоод байна. Мөн хотын хүн их цугладаг кафе, кино театр болон үзвэрийн газрууд хаагдаж,  Ухань нь сүнсний хот мэт болоод байгааг зарим иргэн онцолжээ. Иргэд гадуур явахдаа халдвараас өөрсдийгөө хамгаалах маскийг зүүх ёстой гэсэн захирамж мөн гарчээ.

Хятадын эх газраас гадна тус  хоёр тусгай захиргааны бүс болох Хонконг болон Макаод короновирус тархаад байгаа юм. Макаод эрх баригчид 20 сая маскийг хямдруулсан үнээр худалдаалах арга хэмжээг авсан бол Хонконгт олон нийтэд зориулсан маскийг үнэгүй тараахыг уриалж эхэлжээ. 

Пүрэв гарагт коронавирусийн халдвар Вьетнам болон Сингапур улсад илэрснээс дэлхийн нийт 7 улсад  энэ аюулт вирус тархаад байна. Үүнээс өмнө Тайланд, АНУ, Тайвань, Өмнөд Солонгос болон Японд иргэд коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдож байсан юм. Олон улсын хэмжээнд коронавирусын 12 тохиолдол илрээд байгаа төдийгүй ихэнх нь Азийн орнууд байгаа юм. Тайланд улсад 4, харин Японд хоёр дахь тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Дээрх долоон улсаас гадна их Британи болон Канадад зарим иргэн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан бөгөөд эрүүл мэндийн үзлэг явагдаж байна. Харин АНУ-ын тухайд коронавирусийн хоёр дахь тохиолдол пүрэв гарагт бүртгэгдлээ. Техас мужид Ухань хотод зорчоод ирсэн оюутнаас вирус илэрчээ. Үүнээс өмнө Америкийн Вашингтон мужид мөн нэгэн эрэгтэй шинэ төрлийн коронавирусийн халдваравсан талаар мэдээлэл гарч байсан. Тайванийн тухайд Хятадын Ухань хотоос ирж буй аялагчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авчээ.

Ийнхүү коронавирус хурдацтай тархаж байгаа ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэдгийг мэдэгдээд байна. Тус байгууллагаас хоёр ч үндэслэлээр онц байдал зарлахаас татгалзжээ. Эхнийх нь дэлхийн дахины хэмжээн дэх 2019-nCoV–гийн тархалт тийм өндөр бус 12 тохиолдол бүртгэгдээд байгааг онцолжээ. Үүнээс гадна Хятадын засгийн газраас шийдвэртэй алхам авч байгааг сайшаажээ. Бээжингийн зүгээс томоохон хотуудад хөл хорио тогтоосон нь шинэ төрлийн коронвирусын тархалтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Шинэ төрлийн Коронавирусийн талаарх зарим мэдээллийг хүргэхэд, албан ёсоор 2019-nCoV гэж нэрлэгдээд байгаа энэ вирус  нь өмнө нь хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Коронавирус нь дотроо хэд хэдэн төрөл байдаг бөгөөд зарим хүн хүнд халдварладаг бол өөр бусад нь үгүй юм байна. 2000 оны эхээр дэлхийн дахины хэмжээнд хурдацтай тархаж, 800 орчим хүний аминд хүрсэн Сарс нь нэгэн төрлийн коронавирус юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн буюу шинэ төрлийн коронавирусийг Ухань хотын далайн хүнсний захаас хамгийн анх тархсан гэж үзэж байна. Тус орон нутгийн зах дээр амь амьтдыг худалдаалдаг байсан юм.

Эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийг могойноос хүнд дамжсан байх магадлалтай онцолжээ. Мөн тус вирус нь хүнээс хүнд халдварладаг болох нь тогтоогдоод байгаа юм. Одоогоор шинэ төрлийн коронавирусийн эсрэг эм бэлдмэл, вакциныг гарган авч чадаагүй байна. Тус вирус хүний биеэнд орсон тохиолдолд уушгины хатгалгааг бий болгодог төдийгүй өвчтөн халуурах, ханиалгах болон амьсгал нь багтрах шинж тэмдэг түгээмэл илэрдэг юм. Үүнээс гадна шинэ төрлийн коронавирус хувиралд орох чадвартай байх магадлалтайг эрүүл мэндийн шинжээчид анхааруулж байна. Хэдийгээр шинэ төрлийн коронавирус дэлхий дахины хэмжээнд ийнхүү аюулын харанга дэлдээд байгаа ч тус вирусийн халдвар авсан зарим иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан тохиолдлууд мөн байгаа юм.

Сонирхуулахад, Хятадын Сангийн яамнаас пүрэв гарагт мэдэгдэл хийж, Ухань хотод голомттой коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд ашиглахаар 1 тэрбум юань буюу 144 сая ам.долларыг  хуримтлуулаад байна. Тус мөнгийг Хубэй муж дахь  2019- nCoV вирусийг хяналтдаа байлгах, тархалтыг саармагжуулахад зарцуулах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын арван хотод хөл хөдөлгөөнийг хорьжээ  
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй