БНХАУ-д өнгөрсөн оны сүүлээр анх бүртгэгдсэн шинэ төрлийн Коронавирусийн халдвар авсан хүн өчигдрийн 18:00 цагийн байдлаар зөвхөн Хятадад 2821, олон улсад 41, нийт 2862 хүн бүртгэгдэж, вирусийн халдвараар нас барсан хүний тоо 81-д хүрчээ. Үүнээс 461 хүний биеийн байдал хүнд, 51 хүн эмчилгээ хийлгээд эдгэрсэн байна. Коронавирусийн тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан Хятадын төрийн зөвлөл Цагаан сарын баярын амралтыг 3 хоногоор буюу 2-р сарын 2-н хүртэл сунгаж байна. Албан ёсны амралтын өдөр нь 1-р сарын 24-нөөс 30-ны хооронд үргэлжлэхээр байсан ч вирусийн дэгдэлт саарахгүй байгаа учир 3 хоногоор сунгаж байна.
Нас барсан 81 хүний 76 нь вирусийн голомтот Хубей мужид бүртгэгджээ. Гуандунд мужид 111, Жэцзян мужид 104, Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао, Тайвань аралд нийт 14 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-аас гадна дэлхийн 11 тэр дундаа Азийн 7н улсад коронавирусийн тархалт бүртгэгдээд байна. Тухайлбал Тайландад 8, Японд 4, Малайзад 4, Сингапурт 4, Өмнөд Солонгост 3, Вьетнамд 2, Балбад-1, Мөн АНУ-д 3, Францад 3, Австралид 5, Канадад-2 тус тус бүртгэгджээ.
Өчигдөрийн байдлаар Шанхайн эмнэлгээс хоёр өвчтөн бүрэн эдгэрч гарлаа гэж орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна. Шанхай хотын албан газруудын ажилчдыг 2-р сарын 9-н хүртэл амрааж, сургуулиудын үйл ажиллагааг 2-р сарын 17-н хүртэл түр зогсоосон байна. Харин Бээжин хотод коронавирусийн халдвар авсан 4-н шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Бээжинд коронавирусийн халдварт 72 тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна. Мөн Австрали улсад халдварт 1 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тус улсад 5-н тохиолдол бүртгэгдсэн байна. Австралид бүртгэгдсэн шинэ тохиолдол нь өнгөрсөн 7 хоногт Ухань хотоос Сиднейд ирсэн Хятадын 21 настай эмэгтэй юм байна. Ухань хотод өвчтөнөөсөө коронавирусийн халдвар авсан эмнэлгийн 11 ажилтан эдгэрч, шинжилгээ нь сөрөг гарсан байна.
Өчигдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян вирусийн голомтот Ухань хотод очлоо. Тэрээр вирусийн тархалтыг зогсоох багийг ахлах, урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах ажлуудыг удирдан, зааварчилгааг өгч ажиллах юм байна. өнөөдөр тэрээр Ухань хотын эмнэлэгт өвчтөнүүдийг эргэх, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, тархалт, шинж тэмдэг, эмчилгээ зэрэг олон талын нөхцөл байдалтай танилцаж байна. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд нь Уханьд очсон нь бодит байдал таамаглаж байгаагаас илүү хүнд байгаатай холбоотой байж магадгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.
Өчигдөр өглөө 11 цагт Хятадын эрүүл мэндийн үндэсний комисс корона вирусийн тархалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өгч, хэвлэлийн хурал хийсэн. Хятадын эрх баригчид вирусийн тархалтыг зогсоох цогц арга хэмжээ тэр дундаа хүн бүрт хяналт тавих, ялангуяа Хятадын Ухань хотод зорчсон хөдөлгөөнийг хянах, вирусийн халдвар авсан хүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоох, байгаль орчныг сайжруулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих асуудлыг хэлэлцжээ. Мөн цэцэрлэг, ахлах болон дунд сургууль, коллежуудыг боловсролын яамнаас зөвшөөрөл өгөх хүртэл түр хаахаар төрийн зөвлөл нь шийдвэрлэж байна. Хятадын сангийн яам вирусийн тархалтыг зогсоох чиглэлд 11 тэрбум юань буюу 1,6 тэрбум долларын санхүүжилт гаргасан байна. Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Ухань хотод үхлийн аюулт вирусийн тархалтыг зогсооход нь дэмжлэг болгох үүднээс 300 сая юань буюу 43 сая америк доллар гаргаж өгч байна. Энэ хөрөнгөөр Ухань хотод корона вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх хоёр тусгай эмнэлэг барихад зарцуулах юм байна. Тэдгээр эмнэлгийг 2-р сарын эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бүтээн босголтыг маш шуурхай явуулж байгаа юм байна. Уханьд 2400 ортой эмнэлгийг нэмж ажиллуулж байна. Ойрын гурван өдөрт 5000 ортой эмнэлэг гаргахаар төлөвлөж байна. Засгийн газар нь Хубей муж руу ойрын үед явуулах эмнэлгийн хамгаалах 50 мянган хувцас хэрэглэлийг гаргахаар ажиллаж байна. Мөн Хятадын засгийн газар гадны улс орнууд руу хийх групп аяллуудыг өнөөдрөөс түр хугацаанд хориглож байна. Мөн дотоодын аялал жуулчлалын газруудыг түр хааж, улс орон даяар автобусны холын зайн үйлчилгээг цуцалж байна. Ухань хотын захиргаа энэ сарын 26-наас буюу ням гарагаас эхлэн энэ сарын 30-ны хооронд хотын орж гарах бүх хөдөлгөөнийг зогсоолоо. Мөн өчигдөр Хятадын засгийн газар улс орон даяар зэрлэг ан амьтны мах, эд эрхтний худалдааг хориглож байна. Учир нь вирусийн халдварын эх үүсвэр нь зэрлэг ан амьтны мах зардаг, Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас гаралтай байж магадгүй гэж сэжиглэж байна.
Корона вирус хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдсон. Хятадын эрүүл мэндийн газар уг вирусийг мутацад орох боломжтой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар Хятадын 30-н хот, мужид онц байдал зарлаж, Хубей мужийн 13 хотод хөл хорио тогтоожээ. Хөл хорионд 50 орчим сая хүн хамрагджээ. Тархалтыг зогсооход дэмжлэг үзүүлэхээр төв засгийн газраас арми болон бусад эмнэлгийн 2360 гаруй эмчийг Ухань хот руу илгээсэн байна. Ухань хотод хөл хорио тогтоохоос өмнө тус хотын 4сая гаруй хүн вирусийн тархалт, цагаан сарын баяртай холбогдуулж аялалд гарсан нь эрүүл мэндийн салбарынхан санааг зовоож байна. Мөн өөр нэг санаа зовоож байгаа зүйл нь Корона вирус хүнд халдсан тохиолдолд нэгээс 14хоног хүртэл хугацаанд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй байж болзошгүй юм байна. Өчигдөр Хятадын эрүүл мэндийн газар хэвлэлийн хурал хийхдээ корона вирус илүү төвөгтэй болж ирж банйа. Хөнгөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд корона вирусийн халдвар авснаа мэдээгүй байх тохиолдол нэмэгдэж магадгүй, энэ байдал вирусийн тархалтыг зогсооход илүү төвөгтэй болж магадгүй гэж мэдээлсэн. Харин сайн дурынхан, буяны байгууллагуудыг Хубей муж руу илгээхийг хориглож байна. хэрэв хандив тусламж илгээх бол зөвхөн засгийн газарт нь эсвэл Улаан загалмайн байгууллага руу илгээж болох юм байна.Аялал жуулчлал: Ухань хотын 4096иргэн өнөөдрийн байдлаар олон улсаар аялж жуулчилж явна, тэд ойрын өдрүүдэд эргэж ирнэ. Тэднийг эргэж ирэх аяллыг холбогдох агаарын тээврийн компаниуд болон олон улсын аялал жуулчлалын газрууд хамтран зохион байгуулна гэж итгэж байгаагаа тус хотын аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл 11 сая хүний 4 сая гаруй нь дотооддоо болон хилийн чанадад аяллаар явжээ. Хятадын төв засгийн газар вирус бусад мужуудад тархахаас сэргийлж, өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Ухань болон бусад хэд хэдэн хотод хөл хорио тогтоосон. Гэвч хориг тогтоохоос өмнө олон сая хүн халдвар тээгээд хил гарсан байх магадлалтай гэж болгоомжилж байна.
| БНХАУ цагаан сарын баярын амралтаа гурав хоногоор сунгалаа | ||
| Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.