Шууд Chart

ДЭМБ-ын тэргүүн коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Бээжинд ирлээ

2020-01-28 10:23:25

Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн тархалтыг зогсоох нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг санаа зовоосон асуудал болсныг хүлээн зөвшөөрч тархалтыг зогсоохын тулд бусад улс орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. ДЭМБ коронавирусийн тархалт дэлхийн 12 улсад тархсан ч гэсэн одоогоор олон улсын түвшинд онц байдал зарлаагүй байна. Иймд илүү их мэдээлэл авах, цаашид Хятад улстай хамтран ажиллах чиглэлд илүү анхаарах үүднээс Бээжинд ирж байх шиг байна гэж ажиглагчид харж байна.

Хятадын засгийн газар вирусийн тархалт, вирусийн байдал, өвчтөний шинж тэмдэг зэрэг шаардлагатай бүх мэдээллээ ДЭМБ-д өгч байгаа юм байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Бээжинг зорихоосоо өмнө ДЭМБ үхлийн аюулт вирусийн тархалтыг зогсоох нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүднээс олон улсын эрдэмтэн эмч нартай хамтран ажиллаж, олон улсад өгөх эрүүл мэндийн зөвлөмжүүдийг гаргаж байгааг онцолжээ. Одоогоор Монгол улс, мөн Япон, АНУ болон БНСУ Хятадын Ухань хотоос иргэдээ татаж авах асуудлаар Хятадын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж байна. Япон улс коронавирусийн голомтод бүс буюу Хятадын Хубей мужийн Ухань хотоос эх орондоо ирэх хүсэлтэй бүх иргэнээ маргааш чартер нислэгээр авч ирэхээр төлөвлөж байна. Иргэдээ эх орон руугаа татах ажлыг зохион байгуулахаар Японы засгийн газар Хятадын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллаж байгааг тус улсын засгийн газраас өчигдөр өглөө мэдээлжээ.11 сая хүн амтай Ухань хотод коронавирусийн тархалттай холбогдуулан хөл хорио тогтоогоод байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулж Японы засгийн газар тус хотод ажиллаж сурч амьдарч байгаа иргэдээ өөрсдийнх нь хүсэлтээр эх орон руугаа татна гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.

Японы засгийн газрын мэдээгээр Хятадын Ухань хотод Японы 710 орчим иргэн амьдардаг юм байна. Мөн Ухань хотод Японы 160 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал автомашин үйлдвэрлэгч Хонда, Брижстоун зэрэг компаниудын салбарууд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компани Ухань хотоос өөрсдийн ажилчдаа гэр бүлтэй нь эргүүлж татах ажилд засгийн газартайгаа хамтран ажиллаж байгаа юм байна.  Амралтын өдрүүдээр Ухань дахь Япон иргэдийн хичнээн нь эх орон руугаа буцах хүсэлтэйг асууж судалгаа авснаас ойролцоогоор 430 гаруй нь эх орон руугаа буцахаар хүсэлтээ өгчээ.

Японы гадаад харилцааны сайд Тошимицу Мотеги Хятадын гадаад харилцааны сайд Ван Итэй утсаар ярьж, иргэдээ шилжүүлж авах ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн байна. Японы засгийн газар дан ганц Ухань хот гэлтгүй Хубөчигей мужаас эх орон руугаа буцах хүсэлтэй бүх иргэдээ татах зорилготой байгаа талаар Бээжин дэх Японы ЭСЯ-ны эх сурвалж мэдээлжээ. Японы эрүүл мэндийн яамны мэдээллээр өчигдрийн байдлаар Японд коронавирусийн халдвар авсан 4 тохиолдол бүртгэгдээд байна.  Японы ард түмний хандивласан 1 сая амны хаалтыг Ченду хотоор дамжуулж Ухань руу хүргэж байна.

Мөн БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин Хятадын Ухань хотоос улс оронд нь ирсэн бүх хүнийг хамруулсан судалгаа гаргахыг засгийн газартаа үүрэг болгосон байна. Одоогоор коронавирусийг эмчлэх вакцин гаргаж аваагүй байна. ДЭМБ-аас энэхүү аюулт вирусээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг гаргасан байна. Эрүүл ахуйн ариун цэвэр, ялангуяа гарын ариун цэврийг сайтар сахих, гараа тогтмол угаах, эсвэл гар ариутгагч шингэн хэрэглэх, ханиалгаж, найтаалгасан тохиолдолд ам хамраа дарах, амны хаалт тогтмол хэрэглэх, коронавирус тархсан газруудад амьд мал амьтантай харьцахаас зайлсхийх, түүхий шүүрхий мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Бээжинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд авч хэрэгжүүлж байна. тухайлбал Бээжингийн галт тэрэг, метрог өдөрт нэг удаа ариутгаж, цахилгаан шат, тасалбар түгээх машинуудыг өдөрт гурван удаа ариутгаж байна. Мөн Бээжингийн ойролцоох Тяньжин хотод таксины жолооч нарыг үйлчлүүлэгчээ буусны дараа автомашинаа заавал ариутгаж байхыг шаардаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ-ын тэргүүн коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Бээжинд ирлээ   
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй